Төмөр замчдын эрүүл энхийн манаан хоёргүй сэтгэлээр зүтгэдэг Төв эмнэлгийн харьяа их, бага эмчийн нэгжүүд үзлэгийн комиссыг хэлэх үг, хийсэн ажилтай угтлаа. Сайншанд зангилааны их эмчийн тасаг гэхэд л төмөр замчдын эрүүл мэндийг дэмжих, зөв хооллолт, хөдөлгөөн дасгал сургуулилтыг дадал хэвшил болгох ажлыг тогтмол хийж байгаа аж. Олон-Овоо эмчийн нэгжээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Чулуун заводын ажилчид гэнэ. Харин тус үйлдвэрийн ажилчдын дунд нурууны өвчлөл зонхилж буй учир уламжлалт чиглэлээр давхар заавар зөвлөгөө өгч, эрүүлжүүлэхэд анхааран ажиллаж буйгаа танилцууллаа. Энэ мэт эмчийн нэгжүүд төмөр замчдын дунд зонхилж буй өвчлөл, авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаар үйлчлүүлэгч нэг бүрийн судалгаатай байгааг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд сайшаав. Харин Татах хэсгийн эмчийн салбарууд зөвхөн даралт хэмжихээс гадна бусад өвчлөл, авсан арга хэмжээний талаар тодорхой мэдээлэлгүй байгааг шүүмжлэв. Тэр тусмаа Чойр солилцох тасгийн эмчийн хэсэг төвтэйгөө харилцаа холбоо сул байлаа. Тиймээс Татах хэсгийн эмчийн нэгжийг Төв эмнэлэгтэй хамран ажиллах гэрээ байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажилладаг болохыг үүрэг болголоо.