. . . Дэрс хөдлөх цагт дэндүү олуулаа байв
Дэрсийг хуйхлаад ирэхэд тоотойхон үлдсэн нь хэд вэ...
Өнөөдрийн амьдрал бол бидний бодол санаа, хүсэл, үйлдэл. Товчхондоо, өнөөдрийн тарьсан үр, маргааш хурааж авах үр жимс минь. Өнөө цагийн шинж өчигдрийн тарьсан ургац байх нь. Хувраг дээс өнөө цагийг цөвүүн цаг ирэв хэмээх болжээ. Хүмүүн олны сэтгэлийн булингар цагийг цөвтгөдөг гэдэг. Гэм сууж, жам алдагдсан энэ цагийн сэрэмжийг өвөг дээдэс ийнхүү өгүүлсэн байна.
- Ертөнцийн хуулийн дээр Огторгуйн хууль гэж бий. Хүний сэтгэл муудаж, үйл буруудан Ертөнцийн хуульд захирагдахгүй болсон цагт энэ хууль үйлчилдэг жамтай. Хатуу, чанд энэ хууль дээд тэнгэрийн заалттай, 3-5 жилийн ялгах үйлтэй гэдгийг санаж, сэтгэлээ цэгцэлж, явдал мөрөө тэгшил
- Чанд оршихуйн сэтгэлээр өөрийгөө шинж, намдуу зөөлөн ярь. Нинж, эерүү уужим ууч сэтгэлтэй яв. Бардам дээрэнгүй, омог сэхүүн байж болохгүй. Тархиндаа бодсоноо, зүрхэндээ шүүн тунгааж бай.
- Гуниг гутрал, уур уцаараас, гомдол цөхрөлөөс өөрийгөө чөлөөлж, сэтгэлээ ариусга. Бодлоо цэгцэл, үйлээ хяна. Уур хилэн, омог дээрэнгүй зан мянган галавт цуглуулсан буяныг тань түймэр мэт хуйхална.
- Муу сэтгэлээс нүгэл бүхэн үүснэ. Шунах сэтгэлээс нүгэл арвидна. Хүн БИ-гээ хэт шүтдэг. Уг чанар нь хов хоосон гэдгийг бүү март.
- Ембүүнд бүү шуна, ахуйдаа хэрэгтэйг үлдээж, бусдыг хумь. Гоёлын дээл бус зузаан дээл бэлтгэ.
- Нар буусны дараа унтаж, нар мандахаас өмнө босож бай. Харанхуй бүрэнхийгээр бүү яв.
- Нар орсон үед зажлагсдыг бүү ид.Үйл хэрэгт саадтай. Биеэ хөнгөн, ухаанаа сийрэг байлга. Шуналыг хоолноос эхэлж дар, өчүүхэн бага ид.
- Огторгуй, нар сарны эрчмийг авахыг хүсвэл бодлоо ариун байлга. Орой бүр нойрсохын өмнө эхийн хэвлийд байсан байрлалаар хэвтэж хөх эрчмийг авч бай . . . хэмээжээ.