Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрснээр цаашдын хамтын ажиллагааныхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал түлхэц болдог “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн өнгөрсөн Лхагва гаригт Ган зам паласт боллоо.
“УБТЗ” ХНН-ийн зүгээс хамтран ажилладаг байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг энэ зөвлөгөөнд Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна УБТЗ-аар үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж УБТЗ-ын Тээвэрлэл, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын харилцан шүтэлцээтэй, тогтвортой, үр дүнтэй, хамтын ажиллагаа нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байдаг. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж, ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтууд тогтоож байгаа нь хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцлон тэмдэглэлээ.
Өнгөрсөн жил УБТЗ 33,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо нэг сая тонноор илүү байна. Энэ нь УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллагуудын тоо нэмэгдэж, тээврийн захиалга өссөнийг харуулж байна. 2024 онд 4627 байгууллага аж ахуйн нэгж, 2474 хувь хүн УБТЗ-аар үйлчлүүлжээ.
УБТЗ-ын зүгээс өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд өөрийн тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн сацуу бүс нутгийнхаа худалдаа эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар хөрш орнуудынхаа болон бусад орны төмөр замуудтай нягт хамтран ажиллахыг чухалд тооцож байна.
Саяхан Улаанбаатар хотноо болсон “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн”-ий үеэр уг зөвлөгөөнд оролцогч 12 улс 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ харилцан зөвшилцөж тохирохдоо УБТЗ-аар 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохирсон юм. Үүний үр дүнд УБТЗ-аар үйлчлүүлэгчдийн гадаад худалдааны ачааны захиалгыг өмнөх оноосоо нэг сая тонноор илүү авч тээвэрлэх боломжтой болсон.
УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдийн бизнесийн ашиг орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг өсөж тэлэхийн хирээр төмөр замын тээврийн хэрэгцээ шаардлага өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Зөвхөн энэ онд УБТЗ-д 50 сая тонн тээврийн захиалга ирээд байна. Энэ захиалгыг бүрэн гүйцэлдүүлэх боломж нөхцөл өнөөдөр УБТЗ-д хомс байна. Иймд УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд аль аль талдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээн байгуулалт хийж, хамтран ажиллах нь чухал байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.
УБТЗ үйлчлүүлэгчдэдээ ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, соёлтой үйлчилж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулахын тулд үйлчилгээндээ ачаа тээврийн цахим систем, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашдаа үйлчилгээнийхээ хүртээмж чанарыг улам сайжруулахад шаардлагатай байгаа ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээллээ.
“Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөнд оролцогчдын дунд “Нефть, аюултай ачаа тээвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Ачаа илгээгч, экспортлогч, вагон эзэмшигч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Тээвэр зуучлагч, имтортлогч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн гурван асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт маш чухал, олон санал санаачилга гарсан бөгөөд тэр бүхнийг нэгтгэн тусгасан Санамж бичиг боловсруулж, хамтрагч бүх байгууллагад хүргүүлэхээр боллоо.
Шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан энэ удаагийн зөвлөгөөн нээлттэй илэн далангуй болж, асуудлыг шүүмжлэн ярилцах биш, хэлэлцэн шийдвэрлэх эрмэлзлэлтэй байсанд зөвлөгөөнд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.
