Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хичээлийн жилийн бэлтгэл ажил хэрхэн өрнөж буй талаар манай сурвалжлагч доорх тодруулгыг бэлтгэлээ.
Хүүхдийн секторын аж ахуй хариуцсан менежер Б.Баярсайхан:.
- Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүд болон сурагчдын дотуур байрны өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 77.46 хувийн гүйцэтгэлтэй байна. Их засварын ажил өчигдөр дууслаа.
Энэ онд Хүүхдийн секторын хэмжээнд их барилгаар гурав, их засвараар хоёр ажил хийхээр төлөвлөн ажилласан.
Их барилгаар, “Ган зам” цэцэрлэгийн байрыг шинэчилж, 200 хүүхдийн шинэ цэцэрлэг барих тендерт шалгарсан “Дархан нэгдэл” ХХК ажил эхлэх бэлтгэлээ хангасан.
Мөн Замын-Үүд зангилааны "Алтанхаргана", Сайншанд зангилааны "Хараацай", Зүүнхараа зангилааны "Моносхон" цэцэрлэгүүдэд дохиоллын систем суурилуулах зураг төсөв гарч, тендер зарласан. Энэ оны есдүгээр сарын 14-нд тендер нээнэ.
ЗТХЯ-ны харьяа АТҮТ-ийн 50 хүүхдийн цэцэрлэгийн их засварын ажлын тендер шалгаруулалт явагдсан. Тус цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 20-нд дуусаж, үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нд нээхээр ажиллаж байна.
Их засвараар, Замын-Үүд зангилааны "Алтанхаргана", Багахангай өртөөний "Бялзуухай" цэцэрлэгүүд 100 хувь хийгдэж, бүрэн дууслаа.
ТЗДС-ийн Аж ахуйн эрхлэгч Л.Эрдэнэчимэг:
- Замын даргын 2023-2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай” А/553 тоот тушаалд ТЗДС-ийн дотуур байрны хэрэглээний усны хаалт, мөн II давхрын халуун усны бойлер шинэчлэх болон хичээлийн I байрны 010, 117, 209, 313 тоот ангиудын халаалтын шугам хэсэгчлэн солих ажил хийхээр тусгагдсан. Үүний дагуу усны хаалтыг долдугаар сарын 7-нд бүрэн сольж дууссан. Мөн халуун усны бойлерыг зах зээлээс 880 мянган төгрөгөөр авч зургадугаар сарын 30-нд шинэчлэн суурилуулснаас гадна хичээлийн I байрны ангиудын халаалтын шугамыг сольсон. Эдгээр ажлууд бүрэн хийгдсэн тул урсгал засвар дууссан. Цэвэрлэгээний ажил ид явагдаж байна. Хичээлийн шинэ жилд оюутнуудаа угтан авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан.