Вагон үзэгч Ц.Баярмагнай анх 2015 онд УБТЗ-ын Ерөө өртөөний Техник үзлэгийн газарт ажилд оржээ. Тэрбээр 2019 оноос шурган үзэгчээр ажиллах болж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 183 далд ноцтой  гэмтэл илрүүлсэн байна. Түүний илрүүлсэн хамгийн гол далд ноцтой гэмтэл нь авто угсрааны байгууламж дахь шаантаг клейнд үүссэн ан цавууд байжээ. Эдгээр ан цавыг эрт илрүүлснээр шаантаг клейнийг хугарахаас урьдчилан сэргийлж, ачаа тээврийн аюулгүй байдлыг хангаж иржээ.

Шурган үзэгч Ц.Баярмагнай өөрийнхөө туршлагаас хуваалцахдаа “ Хамгийн гол нь сууж өвдөглөсөн байдлаас зууван нүх болон татах ам хоёрын хоорондуур гэрлээ сайн тусгаж харахаар завсраар нь шаантаганд цав суусан эсэх нь тод харагддаг. Хэрэв ямар нэгэн гэмтэл илэрсэн тохиолдолд ТҮГ-ынхаа далд ноцтой гэмтлийн судалгааны багт мэдээлж акт тавиулж, цааш нь ахлах байцаагчид хүргүүлдэг. Ахлах байцаагч гэмтлийг үзээд далд ноцтой гэмтэлд орох эсэх шийдвэрийг гаргаж бүртгэж аваад холбогдох шийдвэрийг гаргадаг” гэв.

Замын даргын  А02 тоот тушаалын дагуу албаны төлөвлөгөөнд Ц.Баярмагнайн тэргүүн туршлагыг бусад ТҮГ-т сурталчлан тгээх ажлыг зохион байгуулахыг тусгасан байна. Тэрбээр өөрийнхөө туршлага, ур чадвараас вагон үзэгчдэд сэтгэл харамгүй  хуваалцаж байгаа ажээ.

Ташрамд дурдахад далд ноцтой гэмтэл илрүүлсэн тохиолдолд учирч болох байсан аюул, ослын зэргээс хамаарч мөнгөн урамшуулал олгох асуудлыг тодорхой болгох нь зүйтэй болов уу.