Тээврийн хяналтын албанаас өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт “Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Улаанбаатар зангилааны удирдах ажилтнууд хамрагдлаа.
Сургалтад оролцогчид “Аюулгүй байдлын манлайлал”, “Үнэт зүйл ба ёс зүй” сэдвээр мэдээлэл сонсож, санал бодлоо солилцлоо.
Замын даргын 2026 оны 02 тоот тушаалаар “Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах” зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд улирал болгоны эхний сарын, эхний 10 хоногт хүн төвтэй аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аюулгүй байдлыг хангуулахад зөвхөн төмөр замд биш олон улсын хэмжээнд хүний хүчин зүйл маш өндөр нөлөөтэй байдаг. Хүн алдаа гаргадаг, хүн техник технологийг арчилдаг, засдаг. Иймд хүний хүчин зүйлийн хамаарал аюулгүй байдалд 70-80 хувь нөлөөлдөг ажээ. Энэ хамаарлыг яаж бууруулах вэ? Аюулгүй байдлын соёлын хүрээнд сургалтаар л дамжуулж бууруулах боломжтой. Хүний хүчин зүйлд сахилга бат, хариуцлага, мэдлэг, туршлага, чадвар гээд хувь хүний үнэт зүйлүүд хамгийн их нөлөөлж байна. Жишээ нь хувийн зохион байгуулалт, сахилга баттай байх нь ажилд гарахдаа биеэ болон сэтгэл зүйгээ бэлтгэж, ажил амралтынхаа дэглэмийг баримталж, дүрэм журам, технологийн чанд мөрдөхөөс эхэлнэ. Энэ бүгд нь хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын суурь юм.
Үүнийг л дадал хэвшил болгож, соёлын түвшинд хүртэл нь сургалтыг тасралтгүй зохион байгуулах ёстой юм.
“Хүн аливаа юмыг нэг удаа сонсоод 10-20 хувийг л тогтоож авч үлддэг гэнэ. Байнга ингэж тасралтгүй сургалт явуулснаар байшин барьж байгаатай жиших юм бол үе үеэр нь тоосго нь өрөхтэй адилхан мэдлэгийг системтэй олгоно гэсэн үг. Ингэж тасралтгүй сургалт явуулснаар өргөс авсантай адил шууд нааштай үр дүн гарахгүй ч урт хугацааны явцад бодлогын хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ахиц гарч, байгууллага, хамт олноороо өөрчлөгдөж, хөгжих үндэс тавигдах ач холбогдолтой юм” гэжы сургалтыг зохион байгуулагчдын нэг, Тээврийн хяналтын албаны байцаагч Э.Өнөрбаяр хэллээ.
Аюулгүй байдалд манлайлал нь хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжиж байгааг сургалтад оролцогчдод танилцуулж, үйл ажиллагаа нь “Хариуцлагатай манлайлал”, “Ажиллагсдын тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр”, “Аюулгүй байдлын харилцаа холбоо”, “Аюулгүй байдлын үнэлгээ”, “Тасралтгүй сайжруулалт”, “Аюулгүй байдлын манлайлах хөтөлбөр”, “Ажилчдыг үнэлэх, урамшуулах хөтөлбөр” зэрэг хэд хэдэн санаачилгаар стандартчлагдсан байгааг дэлгэрэнгүй тайлбарлав.
Г.Энх
