Нүүр Сурвалжилга Сурах тусам л дурлуулдаг мэргэжил
Сурвалжилга

Сурах тусам л дурлуулдаг мэргэжил

G.Press 6 сарын өмнө 274 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

-Миний мэргэжил-гагнуурчин

 

Энэ удаагийн дугаарт Зорчигчийн вагон депогийн Сэргээх их засварын цехийн гагнуурчин Цэдэндамбаагийн Хүрэлбаатар оролцож, өөрийн мэргэжлийн талаар ярилаа. Тэрбээр, Зорчигчийн вагон депогийн гурван удаагийн, зангилааны хоёр удаагийн аварга, 2023 оны Замын мэргэжлийн аваргаар тус тус шалгарч байжээ.

Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хүндэт төмөр замчин”, “Төмөр замчны алдар”,  “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр энгэрээ мялааж байжээ. 

 

-Та гагнуурчны мэргэжлийг анх хэрхэн эзэмшив?

 

-Би уг нь Оросод ТМС төгсөж ирээд Эрчим хүчний баазад засварчнаар ажиллаж байхдаа 1986 оноос Зөвлөлтийн мэргэжилтэнг дагалдаж гагнуурчин болсон. Тухайн үед орос хэлтэй хүн ховор, дарга нар маань намайг Николай Иванович гэдэг орос мэргэжилтэнг дагалдаад гагнуурчин бол. Ирээдүйд энэ мэргэжил чамд хэрэг болно гэсэн. Дагалдан гагнуурчингаас VI зэрэгтэй болтлоо ажилласан. Дараа нь ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуульд 1995-2000 онд хүнд машин механизмийн механик инженер мэргэжлээр суралцаж, төгссөн. Төгсөж ирээд Эрчим хүчинд ажиллаж байгаад 2004 онд Зорчигчийн вагон депод ажилд орсон. Зорчигчийн вагон депод гагнуурчнаар 21 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь Депо засварын цех, Завод засварын цехэд ажиллаж байгаад 2017 онд вагоны насыг уртасгадаг Сэргээх их засварын цех байгуулагдахад энэ цехэд ажиллах болсон.  Вагоны кузов, шал зэргийн зэвэрч, муудсан хэсгийг нь тайрч аваад тэр хэсгийг нь шинээр нөхөж засварладаг ажлыг хийж байна даа.

 

-Танай депод олон гагнуурчин ажилладаг байх. Бүгд ямар нэгэн чиглэлээр мэргэшсэн байдаг уу?

 

-Депогийн засварын цех бүр өөрийн гагнуурчинтай. Ер нь, мэргэшдэг гэж хэлж болно. Миний хувьд энэ депогийн засварын цехүүдэд дамжиж ажиллаж байсны хувьд ямар ч зүйлийг гагнадаг. Вагоны бүх л эд ангийг гагнаж байна даа. Аль нэг цехийн гагнуурчин өвчтэй, чөлөөтэй, амарсан үед нь орлон ажилладаг.

 

-Та уг нь инженер хүн байна шүү дээ. Гэтэл бүх насаараа гагнуурчнаар дагнан ажиллаж. Таныг энэ мэргэжилдээ үнэхээр дуртай юм байна гэж бодлоо?

 

-Анх надад гагнуур заасан орос багш маань “Гагнуурыг сурах тусам энэ ажил гоё санагддаг” гэж байсан сан. Түүний үг үнэн байж гэдгийг би биеэрээ нотлоод явж байна даа. Энэ мэргэжилд би өдөр бүр суралцсаар л явна. Төмөр болгон адилгүй бүгд өөр онцлогтой. Тэр бүгдэд тохирох технологи, арга техник бий. 4 мм-ийн төмөр, 1 мм-ийн төмөр гагнах шал өөр шүү дээ. Тэр бүгдэд суралцаж, өөрийгөө хөгжүүлээд л байдаг. Олон ШБАЗ-д гар бие оролцлоо.

 

-Таны санаачилсан ШБАЗ олон бий юу?

 

-Бий бий. Жишээ нь, вагоны нэмэгдэл шат бол миний санаачилсан ШБАЗ байгаа юм. Мөн вагоны кузовын ховил гаргадаг төхөөрөмж санаачилсан. Түүгээрээ бэлдэцээ хийгээд тавьчихдаг. Хамгийн сүүлд гэхэд вагон бохирын банк гагнаад бэлэн болгоод байна. Манай депо гурав дахь вагондоо суурилуулах гээд бэлтгээд байгаа нь энэ. Үүнээс өмнө Хөдөлгөөнт оношилгооны вагон, 518 дугаар вагонд суурилуулсан.

 

-Та гагнуурчны улсын аваргын тэмцээнд оролцож байв уу?

 

-1989 онд хийн гагнуурын төрлөөр оролцож, III байрт шалгарч байсан. Өнгөрсөн жилийн улсын аваргад 300 гаруй гагнуурчин оролцсон. Тэр тэмцээнд 17 дугаар байрт шалгарсан. Нас ахихаар хараа ер нь мууддаг юм байна.

 

-Энэ мэргэжил хүнээс ямар ур чадварыг шаарддаг вэ?

 

-Торгон мэдрэмж, сэтгэх чадварыг шаарддаг юм шиг санагддаг. Жишээ нь, инженерүүдийн гаргасан зураг бодит байдал дээр өөрчлөгдөх үе байна. Тэр бүгдэд гагнуурчин хүний ур чадвар шаардагддаг. Төмөр бүрийн орц, шинж чанар өөр, тэр бүгдэд нь таарах электродыг сонгоно. Электрод буруу сонговол хагарал цууралт үүснэ. Тэгвэл ГТХАБ-д эрсдэл үүснэ гэсэн үг. Гэхдээ би залуучуудаасаа олон зүйлийг суралцдаг. Хагас автомат гагнуурыг надад хэн ч зааж өгөөгүй. Намайг залууд хийн болон цахилгаан гагнуур л гэж байлаа. Би залуучуудаасаа хагас автоматаар гагнахыг суралцаж байх жишээтэй. Би олон жил ажилласан. Би бүгдийг мэддэг гэж бодож болохгүй. Хүний сурч мэдсэн бүхэн хязгаартай. Зогсолтгүй суралцаж хөгжиж л байх ёстой. Үүнийг л би залууст захидаг даа.

 

-Олон шавьтай юу?

 

-Депод 20-оод хүнийг бэлтгэсэн.  Миний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт, Солонгост, Германд байна. Германд байдаг шавь маань BMW-ний үйлдвэрт гагнуур хийж байна.

 

Б.Гүнжээ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.