Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эцэг эх асран хамгаалагчдын санал сэтгэгдлийг сонсох, хүүхдийн эрхийг хамгаалахад тэдний өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хүний нөөцийн алба, Замын даргын ажлын алба, Хүүхдийн сектор хамтран энэ сарын 5-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Тус өдөрлөгт УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, Хүний нөөцийн албаны орлогч дарга Б.Энхболд, Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа нарын удирдлагууд, тус дотуур байрны багш, ажилтнууд, шугам замаас хүүхдүүдээ элсүүлэн сургаж буй төмөр замчин эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн тус үйл ажиллагаанд Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн мэргэжилтнүүд оролцож, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт явуулснаараа онцлогтой байлаа.

 

1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус дотуур байр Замын II ангид харьяалагддаг байсан бол 2004 оноос Хүүхдийн секторт албан ёсоор шилжсэн түүхтэй. Сурагчдын дотуур байранд багш, ажилтан нийлсэн 23 хүн хүүхдийн ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг ханган ажиллаж байна.  Тус байранд Агуйтаас Шатан хүртэлх алслагдсан өртөө, зөрлөгийн 93 төмөр замчин өрхийн 6-12 настай нийт 136  хүүхэд суралцаж байна. Тэднээс энэ жил 12 нь төгсөх юм.  

Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ ээж нь Төмөр замын эмнэлэгт 30 гаруй жил ажилласныг онцлоод “Би өөрөө төмөр замын тосгонд төрж, хуучнаар төмөр замын дөрөвдүгээр цэцэрлэг буюу өнөөгийн 180 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, 73 дугаар сургуулийн суурин дээр байсан зөвлөлийн II сургуульд дунд боловсрол эзэмшсэн. Хүүхэд насны минь олон сайхан дурсамж энд бий. Тиймээс Замын орлогчийн төдийгүй хувь хүнийхээ зүгээс ч сурагчдын дотуур байранд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тав тухтай орчныг бий болгох чиглэлд онцгой анхаарал хандуулна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ч  хувь нэмрээ оруулж ажиллана. Тиймээс, Замын удирдлага, ЕБС-ийн захиргаа, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бүгд нэгдэж ажиллах нь чухал”  гэлээ. Мөн төмөр замчдынхаа ар гэр, үр хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх нь манай салбарын төдийгүй улсын хөгжилд өндөр ач холбогдолтой юм  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Л.Янжмаа:Улсад жишиг болсон сурагчдын дотуур байрыг бий болгоно

 

Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа “Бид “Стандартын дагуу сурагчдын дотуур байрыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг боловсруулсан. Энэ хүрээнд УБТЗ-ын захиргаа 2022-2025 он хүртэл үе шаттайгаар хөрөнгө оруулалт, засварын ажлуудыг хийгээд явж байгаа. Ингэснээр хүүхдүүдийн маань сурч, боловсрох орчны стандарт жишиг байдлаар бүрдэх юм. Нэн тэргүүнд бид хоолны зааланд 89 сая төгрөгийн засвар хийсэн. Мөн нэгдүгээр давхрын засварт 311 сая төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж байсан ч саяхан нэмэгдэж 580-аад сая төгрөгийн засвар хийсэн. Түүнчлэн, спорт заалыг 270 сая төгрөгөөр зассан. Цаашид хүүхдүүдийн амьдардаг 2, 3 дугаар давхрыг 600 сая төгрөгөөр засварлана. Гадаа хөл бөмбөгийн талбай байгуулснаар УБТЗ ХНН Монгол Улсын хэмжээнд жишиг болсон спорт цогцолбортой сурагчийн дотуур байр болох юм. Одоо бидэнд хүүхдүүдийнхээ орны зөөлөн эдлэл, хувцасны шүүгээг солих зайлшгүй шаардлага тулгараад байна. Бусад асуудлыг шат дараатайгаар шийдээд явна. Энэхүү өдөрлөгийн өмнө Улаанбаатар татах хэсэг, “Баянбуурал” амралтын газар, Замын II анги гэхчлэнгээр тус байранд хүүхдүүдээ сургадаг эцэг, эхчүүдийн харьяалагдах бүх албад руу нэг өдрийн ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг илгээсэн албан бичиг явуулсан.  Хүүхдүүд өөрт тулгарсан асуудлаа багш сурган хүмүүжүүлэгчдээс илүү эцэг эхчүүддээ л илэн далангүй ярьдаг учраас ийнхүү өндөр ач холбогдол өгч байгаа юм. Өдөрлөгөөс гарсан санал зөвлөмжүүдийг бид үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ. Түүнээс гадна бид хүүхдийн сэтгэл зүйн асуудалд онцгой анхаарч Японы “Хүүхдийг ивээх сан”, Монголын зан чанарын академитай хамтран сургалт зохион байгуулж сурагчдынхаа зан чанарыг нь оношлуулахаар төлөвлөж байгаа. Улсын хэмжээнд гурван сайдын хамтарсан тушаал бий. Тус тушаалд “24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн нэг удаагийн хоолны зардлыг 4500 төгрөгөөр тооцно” гэж заасан байдаг. Гэтэл энэ мөнгөөр ялангуяа ид өсөлтийн насандаа яваа 10-12 дугаар ангийн хүүхдүүдийн хоолноос авах ёстой шим тэжээлийг бүрэн хангаж чадахгүй шүү дээ. Тиймээс хоолны мөнгийг нь хэрхэн нэмэгдүүлэх гэдгийг өдөрлөгийнхөө хүрээнд эцэг эхчүүдтэй харилцан санал солилцлоо” гэв.

 

Ш.АРСЛАН:СУРАГЧДЫН ШИРЭЭ САНДАЛД ДЭМЖЛЭГ АВАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭН

ЕБС-ийн 73 дугаар сургуулийн захирал

 

-Бид Сурагчдын дотуур байрны удирдлагуудтай жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг. Энэ хичээлийн жилд гаргасан төлөвлөгөө маань бүрэн хэрэгжиж, түүний эцэг эхчүүдтэй уулзалт зохиох төлөвлөгөөгөө ийнхүү хамтдаа хэрэгжүүллээ. Өмнө нь ийм өргөн хүрээнд уулзалт байгаагүй. Тус өдөрлөгөөр Замын удирдлага болон эцэг эхчүүдтэй нүүр тулж уулзаж байгаагаараа онцлог байна.  Манай сургууль ахлах ангидаа төмөр замын мэргэжлийн чиглүүлэх анги нээснээс эхлээд УБТЗ-тай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Манай сурагчдад одоогоор тулгамдсан гол асуудал бол сурагчдын ширээ, сандал. Манай сургуулийг Замын II анги хариуцдаг.  Энэ агуулгаараа 1-2 ангийн ширээ сандалд дэмжлэг үзүүлнэ үү” хүсэлтхүргүүлсэн. Бидэнд тусална гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

 

Б.ГАНТУЛГА: СУРАГЧДЫН ДОТУУР БАЙРАНД ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ БУЙГААРАА ТАЛАРХДАГ

Замын II ангийн V хэсгийн бригадын дарга

 

-Би таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд энэ дотуур байранд сурч хүмүүжсэн. Би өөрөө ч энэ дотуур байрнаас эрдэм өвөрлөж, үргэлжлүүлээд УБТЗ-д өнөөг хүртэл хөдөлмөр зүтгэлээ зориулж яваагаараа бахархдаг. Манай сурагчдын дотуур байр, ахуй хангамж, тав тухтай байдал гээд бүх талаараа үлгэр жишээ шүү дээ. Тиймээс байрны багш, ажилтнуудад үргэлж талархаж явдаг.  Энэ байранд хүмүүжсэн хүн бүрийн ажил амьдрал үргэлж тэгш дүүрэн явдаг. Тиймээс дотуур байрны нийт багш ажилтнуудад гэр бүлийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье гэлээ.

Мөн энэ үеэр зарим эцэг эхчүүд “Хүүхдүүдийн маань шүдээ угааж хэвшихэд нь анхаарал хандуулаач, багаасаа эмх цэгцтэй, дэг журамтай сурахад нь чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулаач” гэхчлэнгээр санал, шүүмжлэлийг ч хүргэж байлаа. Ийнхүү Сурагчдын дотуур байрны “Нээлттэй хаалганы өдөр үр дүнтэй бөгөөд, ажил хэрэгч байдлаар амжилттай зохион байгуулагдлаа.