УБТЗ-ын Замын II ангийн хамт олон сумын дүнзийг төмөр бетон ялуугаар солих шинэ технологийг нэвтрүүллээ. Тодруулбал, Улаанбаатар өртөөнд долоо, Багахангай өртөөнд гурван суман шилжүүлгийн дүнзийг ийнхүү төмөр бетон ялуугаар амжилттай сольжээ. Замын даргын үзлэгийн комисс Улаанбаатар зангилаанд ажиллах үеэрээ шинэ технологийн нээлтийн туузыг хайчилсан юм.
Тус ангийн замчид Багахангай өртөөний өргөтгөлийн үеэр гурван сумын шилжүүлгийг ийнхүү шинэчилсэн бол Улаанбаатар өртөөний гол замын долоон суман шилжүүлгийн дээрх шинэчлэлтийг 9-10 дугаар сард гүйцэтгэхдээ шөнийн цагаар галт тэрэгний хөдөлгөөний болоод хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласныг Замын удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Нийт 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй шинэ технологи нь замчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй ашиглалтын зардлыг хэмнэх томоохон дэвшил болжээ. Өмнө нь ашиглаж байсан сумын дүнзийг 5-7 жил тутамд сольдог байсан бол төмөр бетон ялууны ашиглалтын хугацаа даруй 10 дахин урт байх аж. 2025 онд УБТЗ-ын их барилгын төлөвлөгөөнд тусгагдсан тус ажлыг гүйцэтгэхэд Замын II ангийн 60 гаруй замчнаас гадна Зам засварын машинт станц, Дохиолол холбооны II анги, Улаанбаатар өртөө, Эрчим хүч, ус хангамжийн I ангийнхан хамтран ажилласан байна.
