Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Гадаад харилцааны албаны орчуулагч Х.Нэмүүзаяа, Төрөлжсөн архивын эрхлэгч Д.Бундрагчаа, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Э.Хүрэлбаатар, гэрээт ажилтан, түүхийн ухааны доктор Л.Мэндсайхан нарын судлаачдын баг 2024 оны 04-р сарын 13-наас 27-ны өдрүүдэд Москва хот дахь ОХУ-ын Эдийн засгийн төв архив (РГАЭ), Төрийн төв архив (ГАРФ), Кино, гэрэл зургийн төв архив (РГАКФД), Самара хот дахь Улсын архивт тус тус ажиллаад ирлээ.
Судлаачид дээрх архивуудаас Улаанбаатар төмөр замыг барьж эхлэхээс өмнөх үеийн болон дараа үеийн судалгааны баримт материал, Монгол, ОХУ хоёр улсын төр засгийн болон төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны холбогдолтой холбогдох шийдвэр, кино, гэрэл зураг зэргийг судлан, хуулбарлан авч, архивын сан хөмрөгийг баяжууллаа.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын 26 дугаар хуралдаанд Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг ОХУ-ын төрийн архивуудаас "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй холбоотой түүхэн баримт бичиг, материал хуулбарлан авч архивын сан хөмрөгийг нэмэгдүүлэх, архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, архивын баримт бичгийн эмхэтгэл бичих гурван ажлыг хамтарч хийх саналыг дэвшүүлэн дэмжүүлсэн юм.
Томилолтын үеэр ОХУ-ын Архивын агентлагийн дэд дарга А.В.Юрасовтай уулзалт зохион байгуулсан бөгөөд архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр Москва хотын Ярославский вокзал дээр, 2024 оны наймдугаар сарын 01-ний өдөр УБТЗ-ын Зорчигч тээврийн төв буудалд тус тус зохион байгуулахаар харилцан тохиролцсон.
Түүнчлэн УБТЗ-ын түүхэнд холбогдох архивын баримт бичгийн эмхэтгэл номыг Монгол-Орос хэл дээр бэлтгэж хэвлүүлэх ажлыг 2024 оны аравдугаар сард бүрэн дуусгаж, номын нээлтийг ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын ээлжит 27 дугаар хуралдааны үеэр зохион байгуулахаар тогтсон байна.