Төмөр замчид улирч буй бар жилээ ямар амжилт бүтээлтэй үдэж, айлчлан ирж буй жилдээ хэрхэн ажиллахаар бэлтгэж буй талаар Замын Ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай ярилцлаа.

 

-Та Замын Ерөнхий инженерээр томилогдож ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Томилогдсоор нэн тэргүүнд юунд анхаарч ажиллав?

-Би Дорнод Сибирийн төмөр замд ажиллаж байгаад 2022 оны нэгдүгээр сарын 17-нд энэ албан тушаалд томилогдож ирсэн. Тэгээд нэн тэргүүнд УБТЗ хэрхэн ажилладаг, ямар тогтолцоо, системтэй юм, мөн техникийн хөгжил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, инженер техникийн асуудлуудыг өөрийнхөө ажил үүргийн хуваарийн дагуу уншиж танилцсан. Ерөнхий инженерийн ажил гэдэг бол аж ахуйн нэгж, албан байгууллагуудын техникийн хөгжил, тогтвортой байдлыг нь хангах үүрэгтэй. УБТЗ-ын хувьд инженерүүд ньцаашид байнга хөгжиж, өсөн дэвжиж байх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор энэ асуудлууддаа үндэслээд өөрийнхөө хийх ажлыг найруулж эхэлсэн. Ер нь, Монголчуудын үндэсний онцлог нь ажилдаа маш өндөр хариуцлагатай ханддаг юм байна. Миний хувьд УБТЗ-ын аюулгүй ажиллагаа, байнгын хөгжил дэвшлийг хангах ажлыг зохион байгуулахын тулд алба, төвүүдийн удирдлагуудтай хэрхэн хамтарч, баг болж, зөв хариуцлагатай ажиллах вэ гэдэгт анхаарсан. Энэ талд маш их цаг зав зарцуулдаг. Найдвартай, аюулгүй, үр дүнтэй баг байгуулахын тулд нэг нэгэндээ итгэдэг, ур чадвартай хүмүүсийг цуглуулах нь чухал юм. Багаараа маш сайн хамтарч ажилласны үр дүнд өнгөрсөн оны ажлаа амжилттай дуусгаж чадсан.

-Өнгөрсөн онд Замын санхүү хүнд байлаа. Гэвч их барилга, хөрөнгө оруулалтын чиглэлээр маш олон ажлыг хийлээ шүү дээ. Энэ талаар?

-Тиймээ, ковид болон дэлхийн олон улс орны харилцааны асуудал, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж орлогын хувьд тогтворгүй жил байсан.Хэдий тийм ч Замын хэмжээнд их барилга, хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг амжилттай биелүүлж ажилласан. Нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, Ерөнхий хорооны баталсан төслүүдцөөнгүй байлаа. Үүнийхээ хажуугаар өөрсдийн ашиглалтын ажлын тогтвортой байдлыг хангах чиглэлээр сайн ажилласан. Тухайлбал, 183 дугаар км-т алсын удирдлагатай микропроцессорын төвлөрүүлэлттэй шинэ зөрлөгийг барьж ашиглалтад оруулсан.Шатан, Цомог зөрлөгт хүлээн авах, явуулах замууд барьж,Эмээлт өртөөний замыг уртасгалаа. Стратегийн хамгийн ач холбогдолтой ажил гэвэл Замын-Үүд2-Шаргын-Овоо хооронд хоёр дахь замыг барьсан. Мөн Замын-Үүдээс улсын хил хүртэл шинээр нарийн царигийн зам барьж ашиглалтад оруулсан. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд бүх хүний оролцоо, идэвх өндөр байлаа.

Эдгээрийн хажуугаар нийгмийн чиглэлд ч багагүй ажил хийсэн. Ковидын дараах нөхцөл байдлаас үүссэн хүндрэлүүдтэй байхад төмөр замчдадаа зохих туслалцаа дэмжлэгийг маш сайн хүргэсэн. Төв эмнэлгээ түшиглээд 2021 онд Молекул биологийн лаборатори байгуулсныг та бүхэн мэдэх байх. Энэ нь эмнэлгийн үйлчилгээг цаг тухайд нь чанартай, түргэн шуурхай хүргэх зорилготой шүү дээ.

- Өнгөрсөн онд хөдөлмөр хамгааллын талд хэр дэвшилт гарав?  Таны хариуцдаг асуудал болороор асууж байгаа юм.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослын тоог нэг нэгжээр бууруулж ажилласан. Ер нь, төмөр замчид ХАБЭА-г нэн тэргүүнд сахидаг сахилга баттай хамт олон юм. Хамгийн гол нь энэхүү сайн ажилласан амжилтаа 2023 ондоо хадгалж, илүү сайжруулах нь чухал байна. Энд дурдахад МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллаж ажилчдын нийгмийн олон асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, ҮЭ-д хандаад байсан зарим ажил мэргэжлийн нэршлийг өөрчилсөн. Ингэснээр ажлын нөхцөл нь сайжирч, цалин нь нэмэгдсэн гэсэн үг. Үүнийгээ дагаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ч эерэг үр дүн авчирч байгаа. Тиймээс цаашид ч бид үйлдвэрчинтэйгээ олон зүйл дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

- мөн рон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааг нэлээд өргөжүүлэх шиг боллоо. Тухайлбал, оны өмнө “Дархан форум-2022” уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар хэлэлцсэн зүйлүүдээс эхнээсээ биелэлээ олж буй ямар ажил байна вэ?

-Аймаг, сумдын засаг захиргаатай УБТЗ хамтран ажилласан нь маш өндөр үр дүн өгсөн. Төмөр зам дагуух аймгуудын удирдлагуудтай уулзан орон нутагт болон төмөр замд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн хамтран ажиллах ажлын хэсэг байгуулаадхийх ажлуудаа төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бусаар шийдээж явж байна. Тэр дундаа Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга С.Насанбат, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нартай илүү ойр хамтран ажиллаж байгаа. Ер нь, бид хамтран ажиллах нь аль аль талдаа тустай байдаг. Өөрөөр хэлбэл, төмөр замчид тухайн аймгийнхаа иргэд байдаг учир нийгмийн асуудалд нь олон талын дэмжлэг болдог юм.Оны өмнөхөн манай Залуучуудын зөвлөлөөс “Дархан форум-2022” уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар Дархан зангилаанд шаардлагатай, ажилчдын нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд маш олон орон сууц, барилга байгууламжийн газар олголтод аймгийн удирдлагууд тусалсан.Түүнчлэн, тус аймгийн болон төмөр замын хөгжлийг илэрхийлэх Хүүхдийн төмөр замыг хамтран байгуулсан. Цаашид илүү сайн хөгжүүлнэ. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрээс зорьж ирээд үздэг томоохон бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ нь нийгэм, соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулдаг газар болох байх. Ер нь, Дархан-Уул аймагтай хамтраад залуучууд болон ахмадынхаа нийгмийн асуудлыг шийдэх талд олон ажлыг хамртан хийхээр төлөвлөсөн. Дархан чиглэлийн авто зам ашиглалтад ороогүй байхад аймгийн Засаг даргатай хамтран ажилласны үндсэн дээр Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигчийн нэмэлтгалт тэрэг явуулснаар ачаалалтай үеийг саадгүй давсан. Говьсүмбэрт ч олон барилга байгууламжийн асуудал шийдэгдээд явж байна.УБТЗ бол нийгмийн хариуцлага өндөртэй компани. Тиймээс аймаг, сумдын ИТХ-ын хүсэлтээр алслагдсан орон нутгийн малчдад хүргэх хадлан тэжээлийг ч төмөр замаар тээвэрлэхээр зохион байгуулж байна.

-Таны хариуцдаг ажилд СИРДП-Е хэлтэс багтдаг. Энэ системийн ашиглалт өнөөгийн байдлаар ямар байгаа вэ?

-Энэ системийнашиглалт хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Гурван жилийн ашиглалтын хугацаанд өмнө нь гардаг байсан гэмтэл саатлуудын тоог хоёр дахин буурууллаа. СИРДП-Е систем бол УБТЗ-ын галт тэрэг нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд маш их ашиг тустай. Тиймээс салбар яамтайгаа хамтран хөгжүүлэлтийг нь улам сайжруулах талд ажиллаж байна. Хамгийн гол нь бид хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, найдвартай, хурдан шуурхай тээвэр хийх нь л чухал. Энэ дашрамд, УБТЗ-ын үйл ажиллгааг нэмэгдүүлэх болон Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахад түргэн шуурхай хамтран ажилладаг, бодлогоор хангадаг ЗТХЯ-ныхандаа талархал илэрхийлье. Бидний хамтын хүчээр эдийн засгийг сайжруулах маш олон төсөл хэрэгжиж байна.

-Залуучуудын зөвлөлийг буюу төмөр замчин залуусыг та маш сайн дэмжиж ажилладаг хүн шиг санагдсан. Өмнө нь, Замын захиргаа залуучуудын хүсэлтээр “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Саяхан гурван үеийн уулзалтаар явж байхад залуус “Хангайн бүсийн төмөр замчин”, “Баянтүмэн тасгийн төмөр замчин” зэрэг хөтөлөр хэрэгжүүлж болох эсэхийг асууж байна. Эдгээрээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юу?

-Маш чухал асуулт байна. УБТЗ-д есөн мянга орчим залуу ажилладаг. Тэд бол байгууллагыг хөдөлгөх гол хүч, бидний ирээдүй шүү дээ. Үүнийг ахмадууд нь зөв чиглүүлж өгөх нь чухал. Бид өнгөрсөн жил залуучуудынхаа уулзалтыг зохион байгуулж, цаашдын хамтын хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, Залуучуудын хөгжлийн бодлогыг батлуулсан. Ер нь, тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрийг тухай бүрт нь шуурхай шийдвэрлээд явна. Ахмад, дунд үе нь залуусаа хэр дэмжиж, тусалж, дадлагажуулна тэр хэрээрээ УБТЗ-ын хөгжил эрчимжинэ. Залуучуудын зөвлөлөөс санаачилсан“Гурван үеийн уулзалт”-ыг би маш сайн дэмждэг. Энэ уламжлалыг цааш нь улам хөгжүүлээд авч явах хэрэгтэй.Дорнод Сибирийн төмөр замчин залуустай хамтран ажиллах, туршлага солилцох уулзалтуудыг ч зохион байгуулсан. Хөтөлбөрийн дагуу манай залуус Эрхүүд очиж уулзсан.Ер нь, залуучуудаас стандарт бус хэр нь цаашид хэрэгжүүлж болохуйц маш сонин, шинэлэг санаа гарч ирдэг. Энэ дашрамд мянга мянган залуусаа чадварлаг удирдаж, олон сайхан ажил зохион байгуулж буй Залуучуудын зөвлөлийн тэргүүн Ц.Золбаатарт талархал илэрхийлье. Бид УБТЗ-ын баазад суурилсан Залуучуудын инновац хөгжлийн хэрэгжүүлэлтийн төв байгуулахаар ажиллаж байна. Үүнд манай Р.Раш дарга дэмжин оролцож байгаа. Инновацийн төв нь цаашид УБТЗ асар хурдацтай хөгжих хүчийг өгөх байх аа гэж бодож байна.“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хувьд урд хэсэглэлийн хүний нөөцийн тогтвор суурьшлаа хадгалж үлдэхэд эерэг үр дүн өгсөн. Цаашид ч энэ хөтөлбөр хэрэгжинэ. Харин Баянтүмэн тасаг бол өөрийн гэсэн онцлогтой. Улсын хэмжээний “Алсын хараа 2050” хөтбөлөрт Баянтүмэний хөгжлийн асуудал тусгагдсан байдаг. Зүүн бүсийн буюу Чойбалсан-Хөөт-Бичигт гээд төмөр замын төсөл хэрэгжээд ирэхээр хүссэн хүсээгүй дагаад хөгжинө.Тасгийнүйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд бид зохих хэмжээний тооцоог хийсэн. Баянтүмэн тасгийг өөрийнх нь онцлогийг хадгалж, техник технологи, хүний нөөц гээд бүх төрлөөрхөгжүүлэхээр “Говийн төмөр замчин” хөтөлбөрт тусгах боломжтой гэж харж байгаа.

            “Хангайн төмөр замчин” хөтөлбөр гэдэг бол сонирхолтой хэр нь хэцүү асуулт байна. Гэхдээ хангайн бүсэд нийтэд нь гэснээс ажлын болон амьдралын нөхцөл нь эрс тэс ялгаатай хэсгүүдэд нь хөтөлбөр хэрэгжүүлбэл илүү зүгээр байх. Ер нь, Монголын урдаа барьдаг үйлдвэрлэл явуулдаг бусад байгууллагуудтай жишиж үзээд цалингийн асуудлыг бодож үзэх хэрэгтэй гэж боддог. Цалингаа шийдчихвэл залуусын өмнө тулгамдаад буй үндсэн бүх асуудлыг шийдэх боломжтой. Энэ бол авч болох хамгийн зөв оновчтой шийдвэр гэж харж байна. Гэхдээ хэдийгээр Замын санхүү хүнд, алдагдалтай байсан ч 2022 онд төмөр замчдынхаа цалинг хоёр дахин нийт 10 гаруй хувиар нэмж, үр дүнгийн шагналыг 200 хувиар олголоо. Мөн оны сүүлчээс хоёр хөршдөө хүлээлгэж өгөх галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. Энэ бол манай хамт олны хөдөлмөрийн үр дүн.2023 ондоо ч төмөр замчид илүү сайн ажиллах байх. Учир нь маш хүнд цаг үед манайхан сайн ажиллаж, хүндрэлийг хамтдаа амжилттай давсан шүү дээ.

-Энэ онд хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудаасаа танилцуулбал?

-Төлөвлөсөн санхүү, аюулгүй байдал, нийгмийн асуудал гээд бүх ажлаа чиглэл бүрээр нь хийгээд явж байна. Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгт хүлээн авах, явуулах зам нэмж барина.Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр урсгал засваруудыг төлөвлөгөөний дагуу хийнэ. Хилийн гарцуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд ч анхаарч ажиллана. Хоёр хөрштэйгөө ярьж тохирсон олон зүйл бий. Тэр бүхнийг ажил хэрэг болгоно. Бид өнгөрсөн онд ажлын чанар болон менежментийн чиглэлээр төмөр замчдадаа маш олон сургалт зохион байгуулсан. Менежментийн хөгжлийн чиглэлээр шаардлагатай гэрчилгээнүүдийг авсан. Өмнөх онуудад менежментийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж байсан бол энэ жилээс бид яаж хөгжүүлэн сайжруулж, баталгаажуулах вэ гэдэгт анхаарна. Энэ нь УБТЗ-ын хөгжилд маш том түлхэц өгнө. Энэ мэтчилэн олон амжилттай бид цагаан сараа амжилт дүүрэн угтаж байна.

            Төмөр замчид та бүхэн минь Үндэсний баяр сар шинэдээ сайхан шинэлээрэй!

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД