УБТЗ-ын 70 гаруй аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудыг хамруулсан “Спорт, урлагийн их наадам” эхэллээ. Тус наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 баг гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, шатар, шагайн харваа зэрэг спортын таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Наадмын эхлэл гар бөмбөгийн тэмцээн өнгөрсөн сарын 29-30-нд боллоо. Нээлтэд Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд оролцож, “Төмөр замчдад эрүүл мэнд маш чухал. Тиймээс Замын захиргаа энэхүү спорт, урлагийн их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, ажилтнуудынхаа эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь эрүүл аж төрөх дадал зуршлыг нийгэмдээ, нийт төмөр замчдадаа сурталчилах нь нийгмийн бодлогын гол чиглэл” гэв.
Хоёр өдөр үргэлжилсэн гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Замын II анги, ЗЗМС, Төв засварын үйлдвэрийн хамтарсан баг тэргүүн байрыг эзэлж, дэд байрт Дархан, гутгаар байрт Зүүнхараа зангилааны баг тус тус шалгарлаа. Эмэгтэй багуудаас тэргүүн байрт Замын-Үүд зангилаа, дэд байрт Зорчигчийн вагон депо, Зорчигч тээврийн төвийн хамтарсан баг, гутгаар байрт Чойр зангилааны баг тус тус шалгарав. Энэ сард шагайн харваа болон урлагийн наадам нь эхлэх аж. “Спорт, урлагийн их наадам” наймдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд шагналыг Төмөр замчдын мэргэжлийн баяраар гардуулахаар төлөвлөжээ.