Энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллага /KNR/-ын Гүйцэтгэх захирал Ли Сон Хэтэй уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллага тэргүүтэй Солонгос улсын төмөр замын салбарын үндэсний аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын төмөр замын төслүүдэд хамтран оролцож байна. Тухайлбал Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад чиглэлийн төмөр замуудын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын дохиолол холбоог суурилуулах, Монгол Улсад Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг байгуулах төслүүдэд идэвхтэй оролцон ажиллаж, санхүүжилт болоод технологийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
“Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагын Гүйцэтгэх захирал Ли Сон Хэ төмөр замын байгууламжийг барих, түүний менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагын хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинэ төмөр зам барих төслүүдэд идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд “Монгол Улсын Төмөр замын газар, БНСУ-ын Солонгосын үндэсний төмөр зам байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр зам барих техник-эдийн засгийн судалгааг хамтран хийж гүйцэтгэх, төмөр замын техник, тоног төхөөрөмжийн туршилт, баталгаажуулалтын төвийг байгуулах, олон улсын дэвшилтэт техник технологи, инновацыг төмөр зам тээврийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төмөр замын салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ажилтан албан хаагчдыг чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Үүнээс гадна, төлөөлөгчид Дэжон хотод ажиллах хугацаандаа “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагын гүйцэтгэж байгаа Усун-Пёнтак чиглэлийн 46 км хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус төслийн хүрээнд Сөүл-Пусан, Сөүл-Мокпо чиглэлийн хурдны төмөр замын уулзвар хэсгийг өргөтгөж, гол замыг хос болгох ажил хийгдэж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлсэнээр дээрх чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг 1 дахин нэмэгдүүлэхээр тооцоолсон байна.
