Хүүхдийн секторын харьяа “Солонго” 236 дугаар цэцэрлэг “Бүжиг ба хэмнэл-2023” наадмыг зохион байгууллаа. Тус цэцэрлэг ирэх онд арван жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэж, урлагийн энэхүү наадмаа ес дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Үүгээрээ хүүхдийг багаас нь урлагийг ойлгодог, хөгжмийн мэдрэмж хэмнэлтэй болгох, бүжгийн урлагийн тухай анхны мэдэгдэхүүнтэй, бүжиглэх сонирхолтой, бүжигт дуртай болгох зорилготой юм. Мөн хүүхдийн төрөлх авьяасыг нээн илрүүлж, хөгжмийн болон хөдөлгөөний эвслийг нь сайжруулж, бие бялдрын хувьд өв тэгш хөгжүүлэх, бүжиг сурах арга барил эзэмшүүлэх, бүжгийн арга зүйг боловсруулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй аж. “Бүжиг ба хэмнэл-2023” наадмыг эцэг эхчүүд болон Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, нийгмийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа, Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, Хүүхдийн секторын харьяа төвийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч тэргүүтэй багш ажилчид үзэж сонирхлоо. Урлагийн наадмыг “Солонго” цэцэрлэгийн эрхлэгч, МУБТА М.Баярмаа нээж “Манай цэцэрлэг бүжгийн наадмыг 2015 оноос эхлэн зохион байгуулсан. Ковидын хоёр жилд л тасарч, нийт долоон жил тасралтгүй зохион байгуулж байна. Анх зөвхөн бүжгээр дагнаж, Хүүхдийн секторын төвийн бүсийн цэцэрлэгүүдийн хэмжээнд, мөн 2018 онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулан туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Энэ хичээлийн жилд бүжиг ба хэмнэлийг гол болгож байна. Энгийн хөгжмийн зэмсгээр наадахыг бүжигтэй хослуулснаараа илүү онцлог боллоо. Нийт 200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Долоон жилийн хугацаанд манай сургалтын орчин 616 хувцас хэрэглэл, нийт 23 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, эцэг эхийн дэмжлэгээр материаллаг баазаа баяжуулсан. Бид сар бүр хүүхдийн урлаг, уран сайхны үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулдаг. Ирэх сард шинэ жилийн багт наадмаа зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээгээд нийт шавь нартаа амжилт хүсэж, үргэлж дэмжиж байдаг Замын захиргаа, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал илэрхийллээ. Ийнхүү “Солонго” цэцэрлэгийн хөгжмийн багш, МУСТА Б.Мөнхчулуун, арга зүйч А.Уранчимэг нарын удирдлага дор анги удирдсан багш нар хүүхдүүдийнхээ бүрэн хэмжээний тоглолтыг толилууллаа. Тухайлбал, “Бэлтгэл-А” бүлгийн жаалууд “Ээрэнцэг” бүжиг, “Дунд-А” бүлгийнхэн “Үглээ шаазгай” хөгжмийн хэмнэл, “Ахлах-Б” бүлгийнхэн “Хөгжилтэй навчис”, “Бага-Б” бүлэг “Дэгдээхэй” зохиомжит бүжиг зэрэг нийт 19 үзүүлбэр багтжээ.
Тоглолтын төгсгөлд Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд “Энд хүрэлцэн ирсэн аав ээж, эмээ өвөө, ах эгч нар нь хүүхдүүдээ хараад маш их бахархсан байх. Алтан нарны цацраг гялс хийх шиг сэтгэл гийгүүлсэн үнэхээр сайхан тоглолтыг үзлээ. Бяцхан үрсийн авьяас чадвар, мэдрэмжийг хөгжүүлэх гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа талархал илэрхийлье. Замын хэмжээний 27 цэцэрлэгт өнөөгийн байдлаар 4200 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Монгол Улсын хэмжээнд “Хүүхэд хамгааллын бодлого” гарсан. Үүний хүрээнд “УБТЗ” ХНН хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хүүхдийн хүмүүжлийн 90 орчим хувь нь эцэг эх, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нараас шалтгаалдаг. Тиймээс бид “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан. Бодлогын гол цөм нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байх юм” гээд нийт багш нарт талархал илэрхийлж, баяр хүргээд “Солонго” цэцэрлэгийн эрхлэгч М.Баярмаа, арга зүйч А.Уранчимэг, хөгжмийн багш, МУСТА Б.Мөнхчулуун нарт Notebook бэлэглэж, нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Мөн Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа “Хүүхдийн төлөө үргэлж “за” гэж хэлдэг Замын удирдлагууд, эцэг эхчүүддээ баярлалаа. Өнөөдөр манай хүүхдүүд ямар ч бэлтгэлгүйгээр энэ том тайзан дээр гарсан. Гэсэн хэдий ч бүгд маш сайн байлаа. Хүүхдүүдээ ийм сайн бэлтгэсэн багш нартаа баярлалаа” гэсэн юм.
М.Наранболд