Энэ хичээлийн жилээс улс даяар сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдсэн. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэгийн хувьд шинэ хөтөлбөрөөр сургалт хүмүүжлийн арга зүйгээ туршсан анхны жил нь байв. Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс энэ сарын 30-ыг дуустал хоёр сарын хугацаанд “Солонго” цэцэрлэгийн бүх бүлгүүд өөр өөрсдийн нас сэтгэхүй, хэрэгцээ сонирхолдоо нийцсэн сэдвийг сонгоод хүүхдүүд, эцэг эхчүүдтэйгээ хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус цэцэрлэг СӨБ-ын сургалтын үндсэн дөрвөн арга зүй болох төсөлд суурилсан, тоглоомд суурилсан, шинжлэн судлах- танин мэдэхүйд суурилсан, зохиолд суурилсан арга зүйд тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Дээрх дөрвөн арга зүйг хичээлийн жилийн турш тэнцүү агуулаад сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, бүтэн жилийн турш шинэ хөтөлбөрт заагдсан сургалт арга зүйг хэрэгжүүлж туршаад байна.
Анги удирдсан багш тус бүр өөр өөрийн анги бүлэгтээ сонгосон сэдэвтэйгээ холбоотой сургалтаа явуулжээ. Энэ удаад төсөлд суурилсан арга зүйг ашиглан анги тус бүр сонгосон сэдвээрээ сурсан бүхнээ багш, эцэг эхчүүддээ тайлагнан бяцхан тоглолт хийсэн юм.
Бага бүлгүүд зохиолд суурилсан арга зүйгээр, дунд бүлэг төсөлт тоглоомд суурилсан арга зүйгээр, буюу дунд А бүлэг “Тээврийн хэрэгсэл”, дунд Б бүлэг нь “Цэцэг” Бэлтгэл А бүлэг “Үр тариа”, Б бүлэг нь “Хувцас” гэсэн сэдвээр өнгөрсөн долоо хоногийн турш өдөр бүр тайлан тоглолт хийжээ.
Ингээд бид дөрвөн настнууд болох О.Гантуяа багштай Ахлах Б бүлгийн сансар огторгуйн талаар судалсан тайлангийн үзүүлбэрийг сонирхлоо. Ангиар ороход л сансар огторгуйгаар бүрэн амьсгалсан орчинд умбав. Ахлах Б бүлгийн багш О.Гантуяа”Нарны аймаг” сэдэвт төсөлт тоглоомын хөтөлбөрөө бэлтгэхдээ сансар эрхэс, нарны аймгийн талаар хүүхэд эцэг эхчүүдтэйгээ хамтдаа судлан сансрын талаар бүхий л мэдлэгийг судлан шинжилж мэдлэг олгожээ. Тухайлбал, сансар огторгуй, нарны аймаг гэж юу вэ гэсэн асуултаас эхлэн, шүлэг дуу, оньсого таавар, ертөнцийн гурав гэхчлэн холбоотой бүхий л мэдлэг мэдээллийг ойлгуулж, ангиараа Сансар судлалын музейг ч үзээд амжжээ. Ингэснээр хүүхдүүд зөвхөн сансар огторгуйн тухай ойлголт аваад зогсохгүй, сургалтын бүхий л арга зүйгээр танин мэдэхүйн олон талт мэдлэгийг давхар авч байгаа нь сайшаалтай.
...Сансрын нисэгч ахаа
Сайн яваад ирэв үү
Саран наран хоёртой
Саатан уулзаад ирэв үү хэмээн “Угтагчийн дуу”-г дууг үг алдалгүй “хоор”-оор түрж, “Хөлтэй нар” шүлгийг уншиж улмаар “Өдөр нь нуугдаж, шөнө гялалзана” тэр юу вэ, “Нарыг тойрон эргэнэ, найман найзтай, хүмүүс тэнд амьдарна” тэр юу вэ гэхчлэн оньсого ч таалгаад амжив. Бие биедээ гараг эрхэс сансрын талаар ярьж, сансрын нисэгч гэж ямар хүн байдаг, тэдний хоол ямар байдаг, сансарт юу идэж уудаг тухай хүртэл мэдэж авцгаажээ. Ангиа задгай сансарт байгаа мэтээр засан тохижуулж нарны аймгийн найман гарагийг өөрсдөө урлан, зөвхөн энэ сэдэвдээ зориулан зураг зурж, наамал нааж, баримал барьж, бяцхан ном хийж, бүтээл урлан нарны аймагт, сансарт саатан зочилсон мэт орчныг бүрдүүлж чаджээ. Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, танин мэдэхүйн бүхий л зүйлсээ сэдэвтээ зориулж хийснээ багш ээж аав нарт танилцууллаа. Энэ бүхнийг багш, хүүхэд эцэг эхтэйгээ хамтран хийснээр далайцтай ажил болж чаджээ. Төсөлт ажилд хамтын ажиллагаа хамгийн чухал байсныг ч багш онцоллоо. Дэлхийн найман гараг, нар сар од эрхсийн талаар цогц мэдлэгтэй хүүхдүүд болжээ хэмээн үзсэн ээж аавууд ч тун сэтгэл хангалуун байлаа. Яг энэ анги шиг бусад бүлгүүд ч сонгож авсан сэдвийнхээ дагуу анги танхимаа тохижуулж, мэдээлэл цуглуулж, аялал ч зохион байгуулж, мэдлэг олгож сургалтын агуулгаа бүх талаас нь олгож байгаа аж.
Энэ улиралд төсөлд суурилсан арга зүйгээр сэдэв сонгон сургалтын шинэчилсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд “Солонго” цэцэрлэг өөрсдийн санал санаачилга дээр тулгуурлан цогц чадамж эзэмшүүлж, сургалтын шинэчилсэн хөтөлбөрөө хэрэгжүүлснээ ийнхүү дүгнэж байна. Гол нь багш нар сэдвээ өөрсдөө санаачлан боловсруулж бяцхан шавь нарынхаа насны онцлогт тохируулан бэлтгэжээ. Хэдийгээр сэдэв сонгосон ч шинэ хөтөлбөрийн сургалтын бүхий л арга зүйг шигтгэн явуулж байгаагаараа онцлог хэмээн “Солонго” цэцэрлэгийн арга зүйч А.Уранчимэг тайлбарлалаа.
А.Энхсайхан
