Нүүр УБТЗ ХНН Ш.Нямсүрэн: Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна
УБТЗ ХНН

Ш.Нямсүрэн: Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна

G.Press 3 сарын өмнө 191 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

            Замын даргын улирлын үзлэг саяхан болсонтой холбогдуулан төмөр замчдын өвөлжилт болон анхаарах ямар асуудлууд байгаа талаар Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй ярилцлаа.

 

-Улирлын үзлэгээр гол төлөв юунд анхаарч ажиллав. Хөдөлгөөний аюулгүй байдал талдаа төмөр замчдын ажил сайжирч байна уу?

 

-Энэ жил онцгой хүйтэн өвөл болж байна. Зарим газар -50-аас дээш хэмд хүрч хүйтний эрч чангарсан. Идэр есийн тачигнасан хүйтэнд шугам зам дагуу албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа эгэл жирийн ган замчдаараа бахархах, хайрлах сэтгэл төрж явлаа. Үзлэгийн үеэр шугам замынхнаас технологийн орон сууц хүйтэн байна, засвар үйлчилгээ хийж, дулаалж өгөөч гэсэн хүсэлт их ирлээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах нь Замын удирдлагын үүрэг. Тиймээс бид үзлэгийн үеэр тавигдсан асуудлыг Замын дарга, удирдлагуудад танилцуулж, холбогдох албадад үүрэг чиглэлийг өгч ажилладаг.

            Төмөр замын тээвэр аюулгүй байдал дээр тогтдог. Жил бүр нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй уялдуулан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтвортой хангах нь бидний эрхэм зорилго. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, хөдөлгөөн зохион байгуулалт, төмөр замын гарам, аюултай бүс гээд чиглэл бүрээр бид тодорхой бодлогыг баримталж, эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд гологдлын хэмжээг ажлын хэмжээнд харьцуулсан хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн үзүүлэлт /KPI/ болох нэг сая галт тэрэг/км-т ногдох гологдлын хэмжээг тогтвортой бууруулж чадаж байна.

            2025 онд нийт 61 гологдол гарсан бөгөөд 13 сая галт тэрэг/км ажил хийсэн. Энэ нь нэг сая галт тэрэг/км ажил хийхэд дунджаар 4.7 гологдол гарч байна гэсэн үг юм. Энэ үзүүлэлт 2023 оноос эхлэн 5.3, 4.9, 4.7 гэхчлэн буурч байна. Энэ бол бидний аюулгүй байдлыг тогтвортой хангах бодлого, зорилгын үр дүн юм.

 

-Төмөр замчдаас шалтгаалаагүй гологдол, дутагдал ч нэлээд гараад байх шиг харагддаг?

 

-Үнэхээр тийм. Гологдлын судалгаанд жин дарах нэг үзүүлэлт бол гадны хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэл буюу гарам дээр тээврийн хэрэгсэл дайрагддаг асуудал юм. Төмөр замын гармын төхөөрөмж, дохиолол хориглолын байгууламж хэвийн ажиллагаатай үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж галт тэрэг болон сэлгээний бүрэлдэхүүний өмнүүр дайрч гарснаас мөргүүлсэн, шүргүүлсэн, яаралтай тоормос хийж зогссон гологдол, дутагдлууд буурахгүй байгаа нь аюулгүй байдлын үзүүлэлтэд бодитоор нөлөөлж байна. Жишээ нь, 2025 онд гарсан нийт 61 гологдлын 11 нь буюу 18 хувийг гарам дээр тээврийн хэрэгсэл дайрагдсан гологдол эзэлсэн. Эдгээр 11 тохиолдол нь бүгд жолоочийн дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс болсон. Иймд бид Зам тээврийн яам, Төмөр замын газарт уг асуудлаар дахин хандаж, төмөр замын гармын төхөөрөмж байгууламж хэвийн тохиолдолд тээврийн хэрэгсэл дайрагдаж байгаа уг асуудлыг зам тээврийн ослоор бүртгэх саналыг хүргүүлсэн.

 

-Хүний хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг бууруулах талд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Техник технологи өндөр хөгжсөн ч хүний оролцоо байгаа цагт хүний хүчин зүйлээс шалтгаалсан осол, гологдол, дутагдал, үл тохирол гарсаар байна. Иймд бид ажилтан руугаа чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь цаг хугацааны шаардлага болж байна. 2024 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх” ажил Замын хэмжээнд нэгэнт хөрсөн дээрээ бууж, салбар нэгжийн удирдлагууд, ИТА-ууд анхан шатанд ажил үүргээ гүйцэтгэж, ажилтан бүрт хүрч чадсан байна. Хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүдэд улирал бүр “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг зохион байгуулан байгууллагын удирдлага, ажилтан хоёрыг ойртуулсан, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцсэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж “хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” хэмээх нэгдмэл нэг зорилгын төлөө хамтдаа урагшилж бодит үр дүнг гаргаж байна. Замын даргын улирлын үзлэгээр хүнд ноцтой гэмтэл илрүүлэн болзошгүй осол, гологдлоос урьдчилан сэргийлсэн төмөр замчдаа шагнаж урамшуулан, урам зориг өгч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ажилтан бүрийн оролцоо чухал гэдгийг харууллаа. Аюулгүй байдлыг төмөр замчид бид өөрсдөө хангана. Бидэнд түүх нь, туршлага нь, төмөр замаа гэсэн халуун сэтгэл, хувиршгүй итгэл байна. Хөгжил дэвшлийн төлөө цохилох залуу үе, ачааны хүндийг үүрч яваа идэр, дунд үеийнхэн, туршлага, мэдлэгийн охь болсон ахмад төмөр замчид маань байна. Энэ гурван үеийн ган хэлхээг зангидах Замын бодлогыг бид хэрэгжүүлж жил бүр “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөнийг зохион байгуулдаг. “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөн нь ахмад буурлуудаа хүндэтгэн, дурсамж сургамж сонсохоос гадна төмөр замын мэргэжлийн онцлог, ажил амьдралын алтан сургаал, үнэтэй зөвлөгөөг залуу үедээ уламжлуулан өвлүүлдэг чухал ач холбогдолтой төдийгүй зөвлөмж, сургамж нь хөдөлгөөний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлж байгаа нь онцлог юм.

            Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлын үргэлжлэл болгон 2025 оноос ажилтнуудыг мэдлэг ур чадварыг сайжруулах техникийн сургалтын чанар, арга зүй, хүртээмжийг дээшлүүлэхэд Хүний нөөцийн албатай хамтран ханцуй шамлан орсон. Замын даргын 2024 оны А/656 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахлан өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Аюулгүй байдлыг дээшлүүлэх дараагийн чухал алхам нь сургалт гэдгийг олон улсын туршлага, бусад томоохон байгууллагын жишээнүүдээс харж болно. Тухайлбал, техникийн сургалт аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.

 

-Сургалт маш их нөлөөтэй. Гэхдээ техникийн сургалт чанаргүй, нэр төдий, ажилтнуудын цаг завыг бардаг, дарамт болдог, үр дүнгүй зэрэг олон санал шүүмж гардаг шүү дээ. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Бид энэ асуудлыг шийдэхийн төлөө гурван томоохон ажлыг зохион байгууллаа. Нэгдүгээрт, сургалттай холбоотой давхардсан 18 дүрэм, журмыг нэгтгэн шинэчилж Замын даргын тушаалаар батлуулж цэгцэлсэн. Хоёрдугаарт, цаг үеийн хөгжил дэвшил, сургалтын арга барилд нийцүүлэн “EduUBTZ” хэмээх цахим сургалтын платформыг Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс болон Мэдээллийн технологийн албатай хамтран хөгжүүлж, нийт төмөр замчдынхаа хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Сургалтын программ төдийгүй шалгалт авах, зайны сургалт зохион байгуулах, сургалтын материалын нэгдсэн санг бүрдүүлсэн зэрэг олон давуу талыг бүрдүүлсэн. УБТЗ-д ашиглаж байгаа “Цахим төмөр замчин”, “Coss”, “Е-норматив” зэрэг программуудтай уялдаж ажиллах энэ платформ нь сургалтын чанар, арга зүйг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гуравдугаарт, мэргэжил дээшлүүлэх дотоод сургалтыг зохион байгуулахаар Сайншанд, Дархан зангилаадад сургалтын HUB төвүүдийг байгуулсан. Энэ төвүүдийг байгуулснаар ТЗИС, Политехникийн коллежтой хамтран хөдөлгөөнтэй холбоотой ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулна. УБТЗ-д шаардлагатай байгаа боловсон хүчнийг дотоод бололцоогоо ашиглан бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, зөвхөн мэргэжил дээшлүүлэх техникийн сургалтаас гадна дунд шатны удирдах болон ИТА-уудыг чадавхжуулах, тэдний мэргэжил, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.

            Бид аюулгүй байдлыг олон талаас нь авч үздэг ч үүнийг хангах гол цөм нь хүн буюу ажилтан юм. Тасралтгүй өрнөх тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан бүр хөдөлгөөний аюулгүй байдлын ач холбогдол, үр дагаврыг ухамсарлаж ажил үүргээ мэргэжлийн, хариуцлагатай гүйцэтгэснээр бид хамтдаа аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадна. Хөдөлгөөний аюулгүй байдал бол төмөр замчид бидний гарт байдаг. Бид эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн, хийсэн ажлынхаа баатар нь гэдгийг онцлон сануулъя. Ийм учраас төр соёрхож, түмэн олон төмөр замчдын минь нөр их хөдөлмөрийг үнэлж “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан байх.          

          

 

-Танд баярлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.