Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт энэ замыг ирэх 10-р сар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д таван жилийн хугацаатай олгосон.
Уг төмөр замыг Нарийнсухайтын төмөр замын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор барьж байна.
Гол төмөр замын урт нь долоон км, салбар төмөр зам нь 20 гаруй км байна. Нийт 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү хувийн хэвшил гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү төмөр замыг зургаан жил ашигласныхаа дараа төрд хүлээлгэн өгөх нөхцөлтэй юм.
”Монголын төмөр зам” ТӨХК нь тус төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн дуусгасан. Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг БНХАУ-ын “CRDC корпораци” гүйцэтгэсэн ба “Монголын төмөр зам” ТӨХК ТЭЗҮ-ийг боловсруулан ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр энэ сарын 19-ний өдөр хэлэлцүүлэн, зөвлөмжүүдийн дагуух ажлуудыг гүйцэтгэж байна.