Шивээхүрэн-Сэхэ боомтын холболтын төмөр замыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулах юм.

Шивээхүрэн-Сэхэ төмөр зам нь Монголын талын Шивээхүрэн боомт Хятадын талын Сэхэ боомтыг холбосон 13 км төмөр зам юм. Төмөр замыг ашиглалтад оруулснаар Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно.

Монголчууд дотооддоо төмөр зам бариад тэр нь БНХАУ-ын хил дээр очоод гацдаг тохиолдол бий. Тухайлбал, бид дотооддоо Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаа амжилттай барьсан ч Ханги-Мандал боомтыг холбох төмөр замыг бариагүйгээс түүхий эдээ төмөр замаар шууд гаргаж чадахгүй гацах тохиолдол байсан. Тэгвэл шинээр барих төмөр замууд буюу баруун, зүүн босоо төмөр зам дээр ийм явдлыг давтахгүй аж. Ингэхийн тулд шинэ төмөр зам барихдаа эхлээд Монгол-Хятадын хил хоорондын холболтын төмөр замыг эхэлж барина гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдэгдэж байсан юм.