ЗТХ-ийн сайдын тушаалаар Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.  Тус зөвлөлийн оны эхний хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 17, 18-ны өдөр болжээ.  Зөвлөлийн даргаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар  ажилладаг. Тус хурлаар “Смарт Эко Транс” ХХК-ийн захиалгаар “Монголын Логистикийн холбоо” ТББ-аас боловсруулсан “Хил дамнасан чингэлэг тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцжээ. Гашуунсухайт боомтод хил дамнасан чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2021 оноос хойш боловсруулсан бөгөөд хил дамнасан технологи тул хоёр талын хамтарсан судалгаа хийсэн байна. 

Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул уг төслийг техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, холбогдох санал, зөвлөмжийг гаргалаа. 18-ны өдрийн хурлаар “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-иас боловсруулсан “Автомашины тэнхлэгийн ачаалал авто замд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгаа”-ны тайланг хэлэлцлээ.

Цаашид автотээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал хэтэрсэн, авто замд учруулах эрсдэлийн хохирлыг барагдуулах журам, аргачлалыг эцэслэн боловсруулж мөрдүүлэх,  судалгааны тайлангаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг тус яамны холбогдох газрууд, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т тус тус даалгажээ.