Нүүр Бүтээн байгуулалт Шинийг хийх хүслийг өдөөсөн өдөрлөг боллоо
Бүтээн байгуулалт

Шинийг хийх хүслийг өдөөсөн өдөрлөг боллоо

G.Press 1 долоо хоногийн өмнө 37 үзэлт 0 сэтгэгдэл

Улаанбаатар төмөр замын “Оюуны өмч-төмөр замын инноваци-2026” шилдэг бүтээл шалгаруулах өдөрлөг, үзэсгэлэн өнгөрсөн Баасан гарагт  Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод боллоо. Жил бүр Зам тээврийн яам, Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр болдог энэ өдөрлөг, үзэсгэлэнг УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчлалын алба, Вагоны аж ахуйн алба, Зүүнхараагийн Ачааны вагон засварын депо хамтран зохион байгуулж байна. Нээлтийн ёслолд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Хөдлөх бүрэлдэхүүн, засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Батболд, Замын даргын зөвлөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш нар болон албаны бусад хүмүүс оролцож, үг хэллээ.

Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлсэн үгэндээ “Шинийг санаачлагчид бол УБТЗ-ын хөгжлийг хурдасгах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажиллах нөхцөлийг сайжруулахад оюун бодлоо зориулдаг бүтээлч хүмүүс юм. Тэд өнгөрсөн онд УБТЗ ХНН-ийн хэмжээнд 121 шинэ санаачилга, ашигтай санал гаргаж, нэвтрүүлсэн байна” гэж онцлон тэмдэглэв.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш хэлсэн үгэндээ

“Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн инженер техникийн ажилтнууд  энэ удаагийн уралдааны “Шилдэг бүтээл-Гран при” шагналыг “РУ-1 төрлийн хос дугуйн голын эрээс сэргээж, засварлах автоматжуулсан төхөөрөмж” бүтээлээрээ хүртжээ. Өмнө нь 200 гаруй сая төгрөгөөр хийгддэг байсан ажлыг 10 сая төгрөг болтол бууруулж чадсан нь бахархмаар амжилт юм. Ингэж л бид төмөр замын эдийн засгийг бий болгоно. Ингэж л бид юм болгоныг гадаадаас өндөр үнэтэй авах шаардлагагүй болно. Энэ бол хөгжлийг товчилсон оюуны сайхан ажил юм” гэж хэллээ.

Ингээд “Оюуны өмч-төмөр замын инноваци-2026” үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагналыг нь гардууллаа.

“Шилдэг бүтээл-Гран при” шагналыг Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн хөдөлгөөний аюулгүй байдал, чанар стандартын хэлтсийн дарга Б.Лутбаяр, технологич инженер Т.Амгаланхаан, электроник инженер-хүлээн авагч С.Эрдэнэбаяр, цахилгаан ба хийн гагнуурчин Ч.Мөнгхбат нар “РУ-1 төрлийн хос дугуйн голын эрээс сэргээж, засварлах автоматжуулсан төхөөрөмж” бүтээлээрээ хүртэж, өргөмжлөл хоёр сая төгрөгөөр шагнууллаа.

“Шилдэг бүтээлч ажил” шагналыг Улаанбаатар татах хэсгийн ерөнхий инженер Г.Аюурбуниа, засварчин Х.Оюунгэрэл, З.Бат-Эрдэнэ нар “Илчит тэрэгний бүх төрлийн трубин засварлах кантователийн өөрчлөлт” бүтээлээр, мөн Зорчигчийн вагон депогийн технологич инженер Х.Анхбаяр “Тэргэнцрийн арал өргөх төхөөрөмж” бүтээлээр тус тус хүртэж, өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнууллаа.

“Шинжлэх ухаанч бүтээл” шагналыг  Дархан татах хэсгийн засвар эрхэлсэн орлогч дарга Г.Энхтайван, электроник инженер С.Энхбаяр, Т.Хүрэлтулга нар “2ТЭ116УМ серийн илчимт тэрэгний МСУТП мэдээлэл боловсруулах төхөөрөмжийн сургалт оношилгооны лаборатори” бүтээлээр, мөн ТЗИС-ийн тээвэр зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгч Ю.Сарантуяа “Өртөөний сэлгээний ажлыг оновчтой зохион байгуулах арга зам” нэг сэдэвт бүтээлээр тус тус шалгарч, өргөмжлөл нэг сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

“Шилдэг бүтээлч ажилтан” номинацийн “Шилдэг шинийг санаачлагч ”-аар Дохиолол холбооны албаны техникийн бичиг баримт хариуцсан инженер Б.Алтансүх шалгарч “Шилдэг шинийг санаачлагч ”тэмдэг, хоёр сая төгрөгөөр, “Шилдэг зохион бүтээгч”-ээр Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн Засвар хариуцсан орлогч дарга Б.Амгалан, Дархан татах хэсгийн инженер Э.Гансүх нар хүртэж, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

“Шилдэг хөгжүүлэгч ”-ээр Зорчигчийн вагон депогийн электроник инженер Д.Галмандах, электроник засварчин Л.Ууганбаатар, Мэдээлэл технологийн албаны программ зохиогч инженер Д.Нямцэрэн, программист О.Дугарсүрэн нар шалгарч, өргөмжлөл, 800 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

“Шилдэг зохиогч ”-оор Замын даргын А/656 тоот тушаалын ажлын хэсгийн гуравдугаар дэд ажлын хэсэг, ТЗИС-ийн Вагоны тэнхимийн багш, О.Уянга нар шалгарч, өргөмжлөл, 800 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

“Бүтээлч нэгж” номинацийн “Бүтээлч алба”-аар Вагоны аж ахуй, Мэдээлэл технологийн алба, Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс  тус тус шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнууллаа.

“Бүтээлч байгууллага”-аар Улаанбаатар татах хэсэг, Зүүнхараагийн Ачааны вагон засварын депо, Зорчигчийн вагон депо тус тус шалгарч, өргөмжлөл, хоёр сая төгрөгөөр шагнууллаа.

“Бүтээлч баг, хамт олон”-оор Зам засварын машинт станц, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”, Тээвэр зохион байгуулалтын албаны “Ачаа тээврийн хэлтэс” тус тус шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Өдөрлөгийн үеэр “Шилдэг бүтээлч ажил”-ын шагналыг “Илчит тэрэгний бүх төрлийн трубин засварлах кантователийн өөрчлөлт” бүтээлээр хамт олноороо хүртсэн Улаанбаатар татах хэсгийн ерөнхий инженер Г.Аюурбуниатай уулзаж, ярилцахад “Трубин конпрессор нь өөрөө  750-850 кг жинтэй хүнд эд. Үүнийг өргөхөд заавал техник хэрэгтэй болдог. Иймд бид цахилгаан удирдлагатай өргөх кантовател төхөөрөмжийг хийснээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, технологийн үйл ажиллагааг сайжруулж чадсан” гэв. 

“Оюуны өмч-төмөр замын инноваци-2026” шилдэг бүтээл шалгаруулах өдөрлөг, үзэсгэлэнд оролцогчид өөрсдийнхөө бүтээлүүдийг дэлгэн тавьж, танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

 

Г.Энхбаатар

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.