“Шинэ бүтээл, ашигтай загвар-2022” өдөрлөгийг энэ сарын 26-нд Зорчигчийн вагон депод зохион байгууллаа. Энэ удаагийн үйл ажиллагааг Техникийн бодлого, стандарчлалын болон Зорчигч тээврийн албад хамтран зохион байгуулж буй учраас ШБАЗ-ын бүтээлүүдийг ийнхүү үйлдвэрийн газарт дэлгэн тавьж, зочид төлөөлөгчдөд танилцуулснаараа онцлогтой байв. 10 дахь жилдээ зохион байгуулж буй өдөрлөгийн нээлтэд ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Одгэрэл, Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа, ГТХЗНТ УТҮГ-ын захирал А.Буяннэмэх нарын албаны хүмүүс, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт эрхэлсэн орлогч дарга Б.Гантөмөр, Замын ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Техникийн бодлого, стандартчлалын албаны дарга С.Мөнх-Алдар, Зорчигч тээврийн албаны дарга Д.Пүрэвсүрэн нарын удирдлагууд болон салбар нэгжийн дарга нар, шинийн санаачлагч төмөр замчид оролцов. Мөн өдөрлөгт, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төмөр замын төлөөллүүд оролцсон нь уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааны зар хүрээ улам өргөжиж буйн тод илрэл болж буйг албаны хүмүүс онцолж байлаа.
ШБАЗ-ыг үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх, шинийг санаачлагчдын хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр УБТЗ-ын захиргаа өндөр ач холбогдол өгч,болзолт уралдаан зарлах, шагналын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр жилээс жилд анхаарч ирсэн билээ. Үүний үр дүнд ШБАЗ-ын тоо хэмжээ сүүлийн 10 жилд 70 хувиар өсчээ. Түүнчлэн эдийн засгийн үр өгөөж талаас нь харвал ШБАЗ-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр жилд дундажаар 3.7 тэрбум төгрөгийг хэмнэж байна гэсэн тооцоо судалгаа ч гарсан аж. Энэ бол эцсийн хязгаар бус цаашид ч төмөр замчин зохион бүтээгч нар илүү санаачлагатай ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Замын Ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож илэрхийлсэн юм.
“Шинэ бүтээл, ашигтай загвар-2022” өдөрлөгт УБТЗ-ын үндсэн долоон алба болон Төв засварын үйлдвэр, ТЗДС-ийн хэмжээнд сүүлийн гурван жилд үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн бүтээлүүдийг дэлгэн тавьж, өдөрлөгт оролцогчдод сурталчилан таниулсан юм. Замын орлогч дарга Б.Гантөмөр өдөрлөгийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, УБТЗ-ын шинийг санаачлагч, бүтээлч инженерүүдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, тэднийг алдаршуулах, хийсэн бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирснийг онцлоод “Улс орныхоо хөгжлийн түүчээ болж буй төмөр замчдынхаа тэргүүн магнайд эрдэм мэдлэг, бүтээлч сэтгэлгээгээрээ манлайлж яваа зохион бүтээгч төмөр замчдадаа халуун баяр хүргэе. Энэ жилийн үйл ажиллагааг бид засвар, үйлдвэрлэлийн газарт зохион байгуулсан нь илүү бодитой, уур амьсгалыг бүрдүүлж байна. Цаашид илүү өргөн хүрээнд, өндөр үр дүнтэйгээр зохион байгуулж, төмөр замдаа төдийгүй улсын хэмжээнд алдарших төмөр замчдыг тодруулан гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Үндсэн ажлынхаа хажуугаар шинийг санаачилж, зохион бүтээх чиглэлд идэвх зүтгэл гарган, УБТЗ-ынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг төмөр замчдадаа илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэв.
Ш.Хүрэлбаатар: Тэрбумаар хэмжигдэхүйц хэмнэлтийг манай инженерүүд бүтээдэг
УБТЗ-ын хэмжээнд нэвтрүүлсэн ШБАЗ-аар Улаанбаатар татах хэсгийнхэн жил онцгой амжилттай үзүүлдэг. Энэ жилийн тухайд зүтгүүрчид 32 бүтээлтэй иржээ. Тус татах хэсгийн ерөнхий инженер Ш.Хүрэлбаатар:
-Манай зүтгүүрчид инноваци, ШБАЗ-ын чиглэлээр жилийн жилд толгой байгууллага болж явдаг. Энэ ч агуулгаараа бид хамгийн наад зах нь эдийн засгийн асар их хэмнэлтийг УБТЗ-д бий болгодог. Тухайлбал, Хос дугуйн гүүшингийн ганцхан подшебникийн зах зээл дээрх үнэлгээ нь 400 мянган төгрөгөөр хэмжигдэнэ. Харин гүүшингийн захын холхивчны хадаасыг чангалах төхөөрөмжийг хийснээр хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц эдийн засгийн хэмнэлтийг авчирч байгаа юм. Манай ерөнхий механик ???. Ганзориг, тоног төхөөрөмжийн инженер ..? Хадбаатар, цахилгааны инженер ??.Эрдэнэжаргал, токарьчин ??.Энхбаяр, Техник үзлэгийн цехийн засварчин ??.Баярсайхан нарын манай чадварлаг залуус үндсэн ажлынхаа зэрэгцээ ШБАЗ-ын чиглэлээр санаачлагатай ажилладаг. Хүн тус бүрдээ ч бие даасан бүтээл гаргаж, Замын ШБАЗ-ын уралдаанд шагналт байруудад шалгардаг манай шилдэг тэргүүний ажилтнууд хэмээн ярилаа.
Уралдаанд зүтгүүрчид тэргүүлэв
Өдөрлөгийн төгсгөлд, 2022 оны “Шинэ бүтээл, ашигтай загвар” болзолт уралдааны дүнг танилцуулж, шилдгээр шалгарсан бүтээлийн эздийг шагнаж урамшуулсан юм. Үүнд, Тээврийн үндсэн үйлдвэрлэлийн чиглэлийн алба, хэлтсээс Зүтгүүр, Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны албад, байгууллага, салбар нэгжээс Зорчигчийн вагон депо, Замын-Үүд ШАА, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод эхний гурван байрыг эзэлсэн байна. Тээвэрлэлтийн үндсэн бус үйлдвэрлэлийн байгууллага, салбар нэгжээс ТЗДС, ТЗҮ, Хэмжил зүйн төвийн хамт олон шилдгээр шалгарлаа. Мөн ном, сурах бичиг, гарын авлагын чиглэлээр Техникийн бодлого, стандарчлалын албаны ахлах инженер О.Дэмбэрэлсүрэнгийн “Төмөр замын удирдахуйн ухаан”, ТЗДС-ийн багш Мя.Бямбасүрэн, С.Галбадрах, Б.Тулгуурбаяр, Ма.Бямбасүрэн нарын “Зүтгүүрийн найдваржилт”, ЭХУХ-ийн I ангийн Ахмадын зөвлөлийн дарга С.Энхтайван, Цахилгааны ахлах багш Л.Булгирмаа “Цахилгаан энергийн дамжуулалт, хуваарилалт”, “Цахилгаанчны сурах бичиг” номууд тус тус шилдэг бүтээлээр шалгарсан юм. Мөн 2022 оны 10 шилдэг бүтээлийн эздийг тодруулж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Замчдын 27 жилийн ШБАЗ-ыг эмхэтгэжээ
Энэ тэмдэглэлт өдөр Замын аж ахуйн албаны хэмжээнд "Замын аж ахуйн албаны оюуны өмч, инноваци- 2023" арга хэмжээг зохион байгуулж,1995 - 2022 онд тус албаны хэмжээнд нэвтрүүлсэн бүтээлүүдийг эмхэтгэн"Үйлдвэрлэлд амжилттай нэвтэрсэн шинэ бүтээл, ашигтай загварууд" сэтгүүлийн нээлтийг Замын II ангийн сургалтын танхимд зохион байгуулсан юм. Замын аж ахуйн албаны хэмжээнд өнгөрсөн 27 жилийн хугацаанд нийт 81 ШБАЗ үйлдвэрлэлд амжилттай нэвтэрчээ. Үүний үр дүнд 533 тэрбум, 791 сая 554 мянган төгрөгийн бодит хэмнэлтийг гаргаж чадсан байна. Эдгээрийн дундаас 1995 оноос Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт Модон дэрний идээлгийн технологийг нэвтрүүлснээр 3 сая 422 мянган дэр мод, 856210 п/м дүнз буюу 524 тэрбум 537 сая 644 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж чадсаныг Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал дурдлаа. Түүнчлэн, хүний гар ажиллагааг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлтийг гаргах чиглэлийн санаачилгууд жилээс жилд нэмэгдэж байгааг албаны удирдлага онцлов. Мөн үеэр Замын I ангийн бригадын дарга Б.Батбаяр, Замын IV ангийн бригадын дарга Л.Мөнгөншагай нарын шинийг санаачлагч залуусын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын “Тэргүүний залуу” тэмдгээр шагналаа.