“Ган зам" 179 дүгээр цэцэрлэгийн салбар бүлгийг ЗТХЯ-ны дэргэд шинээр нээснийг манай уншигчид мэднэ. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрч, төмөр замчид болон зам тээврийн салбарын ирээдүй хойч болсон бяцхан үрсийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэд саяхан болсон Замын даргын үзлэгт анх удаа ажил үйлс, амжилт бүтээлээ амжилттай тайлагнасан бол  энэ сарын 10-нд  "Хишиг өдөр" үйл ажиллагааг зохион байгуулж бяцхан үрсийнхээ эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагаагаа танилцуулсан байна

Багшийн ажил мэргэжлийн онцлогийг эцэг эхчүүдэд ойлгуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, цэцэрлэг-багш-хүүхдийн уялдаа холбоог сайжруулах, цэцэрлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад гол зорилго нь чиглэсэн тус өдөрлөгт ЗТХЯ-ны авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн У.Эрдэнэбаатар, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн Э. Солонго мөн нэгджээ. Тэд нэг өдрийн турш үндсэн мэргэжлээ цэцэрлэгийн багш мэргэжлээр солин ажиллахдаа ажлын ачааллаа умартаж, алдрай үрсийн инээд баясал дунд цагийн сайхан өнгөрүүлснээ тус цэцэрлэгийн багш, ажилтнуудад илэрхийлжээ.

Мөн “Хишиг өдөр”-ийн хүрээнд өдрийн дэглэмийн дагуу цэцэрлэгийн нэг өдрийн үйл ажиллагаанд ирээдүйн ээж, аавууд болох залуу ажилтнуудыг оролцуулж, хүүхдийн сурч боловсорч байгаа орчин,  сургалт, үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэл, амт чанар, хүртээмж, багш, ажилчдын ажлын онцлогтой танилцуулжээ. Үүнд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын залуу мэргэжилтэн Б. Хонгорзул, ЗТХЯ-ны Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн  Б.Гүнхичээнгүй нар дунд, бэлтгэл бүлгүүдэд ажилласан байна.

“Хишиг өдөр”-ийг зохион байгуулсан цэцэрлэгийн удирдлагууд харин “Багш-хүүхэд-эцэг эхийн хамтын ажиллагаа бол боловсролын тулгын гурван чулуу” юм. Тиймээс эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллахад бид хэзээд бэлэн байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.