Ашиглалтад орж байгаа нэгдүгээр шинэ цэцэрлэг төмөр замын энэ оны ажлын өнгийг тодорхойлж байна. Замын захиргаа төмөр замчдын үр хүүхэд ирээдүйд гар татахгүй хөрөнгө гаргаж, нэгдүгээр цэцэрлэгийг цоо шинээр барьж байгуулан ашиглалтад оруулж байна.
Ер нь төмөр зам анх бий болсон цагаасаа л замчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал тавьж ирсэн л дээ. Өнөөдөр улаа бутарсан хацартай балчир жаалхан хүүхдүүд иж бүрэн гадна дотногүй тохижилт, сургалт мэдээллийн тоноглол бүхий анги танхимд орцгоож, багш эцэг эхчүүд хүүхдүүд барьж байгуулсан барилгачид, замын захиргааны нөхөд өнгөрсөн хавраас эхэлж, өдөр шөнөгүй хөөцөлдсөн ажлынхаа үр дүнг харж, баяр хөөртэй байх шиг байна. Аргагүй дээ. Дүүргийн хувьд ч гэсэн томоор бичигдсэн ажил шүү дээ.
Нийтдээ зургаан тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалт болсон юм билээ. Үүгээр ээлжинд явдаг эцэг эхчүүд, өртөөний жижүүр, холбогч, найруулагч, машинч, галт тэрэгний үйлчлэгч, вагон үзэгч, холбоо дохиололынхон, эрчим хүчний ажилчид ажил албандаа явахдаа ар гэртээ хүүхдүүд яаж байгаа бол гэх санаа зовох юмгүй болно гэдэг чинь дээрх хөрөнгө оруулалтын гол зорилго юм шүү дээ. Төмөр замын аюулгүй байдал бэхжинэ. Галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй хэвийн үйл ажиллагаа жигдэрч, төмөр замын нийлмэл тонн км-ээр бодсон хөдөлмөрийн бүтээмж дээшлэн авдаг тав гуравт ч нэмэртэй. Тэр жил Магдей даргын үед баригдсан Замын-Үүдийн цэцэрлэгийн барилгын чанарыг манайхан одоог хүртэл магтаж ярьдаг шүү дээ. Тэрнээс лав л доргүй болсон бололтой. Хамгийн гол нь өнөө цагт сурлага хүмүүжилд тавигддаг бүх стандарчлал, шаардлага хангагдсан гэж ойлгож сууна. Магадгүй үүнээс улс ч үлгэр жишээ авч болохыг үгүйсгэхгүй.
Энэ бүтээн байгуулалт нь төмөр замын энэ оны ажлын өнгийг тодорхойлж байна гэлтэй.
Уг ажлыг дороос гарсан саналыг дэмжиж, өөрөө санаачлан хүч оруулж, зохион байгуулж, үр дүнд хүргэж байгаа явдалд ахмад төмөр замчин хүний хувьд замын дарга нөхөр Хэрлэн болон холбогдох нөхдөд гүн талархлаа илэрхийлж байна.
Секторын эрхлэгч Л.Янжмаа хөлөө хүрэх газар явж гүйсэн гэж ойлгож байна. Баяр хүргэе.
Ахмад төмөр замчин Р. Раш

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.