Баянтүмэн тасгийн Зүтгүүрийн депогийн засварчин Б.Баярхүү шинэ бүтээл, ашигтай санал гаргаж зүтгүүрийн ус, тосны макны тагийг шинээр хийж, суурилуулжээ. Ингэснээр хөдөлгөөний явцад хөдөлгүүрийн ус тос царцах, уур цан үүсэж, мөстөхөөс сэргийлэх, дулааны алдагдлыг бууруулах ач холбогдолтой ажээ. Машинч нарын хувьд ч хажуугаар нь явж ажиллахад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, хувцас бохирдуулахгүй гэх мэт сайн талтай бүтээл болжээ. Энэ таг нь гурван талдаа хагас болон бүтэн онгойдог, дээд талын хэсэг нь баруун зүүн хоёр талдаа хошуулдаж онгойдог учраас хөдөлгөөний хурд, салхины зүг чигээс хамааран тохируулах боломжтой юм байна. Рам төмрийг дөрвөлжлөн гагнаж, лист төмрөөр бүрээд, дотор талыг нь брезент болон эсгийгээр доторлож, нугас хийж, түгжээгээр бэхэлсэн энэ бүтээлийг харахад энгийн боловч технологийн шинэ шийдлийг агуулснаараа ач холбогдолтой юм.
Засварчин Б.Баярхүүгийн шинэ бүтээл, ашигтай загварыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков сайшаан тэмдэглэж, өөрийн гарын бэлгээр шагнаж урамшуулав.