УБТЗ-ын Залуу ажилтныг дэмжих бодлогын баримт бичгийн хүрээнд Замын захиргаа, Залуучуудын төв байгууллагатай хамтран “Шилдэг санаа, шинэ технологи” шалгаруулах шилдэг зохион бүтээгчдийн уралдааныг энэ оны долдугаар сарын 1-нээс сарын хугацаанд зарлан дүгнэлээ. Уг уралдааныг УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага, Гадаад харилцааны алба, Техникийн бодлого стандартчиллын албатай хамтран зохион байгуулж, Төмөр замчдын баярын өмнөхөн уралдаанд тэргүүлэгчдийг тодруулан батламжийг Замын ерөнхий инженер С.П.Старцев гардууллаа.
Тодруулбал, Зүүнхараа дахт Ачааны вагон засварын депогийн технологич инженер У.Сүхбаатар “Триангелийн гэмтлийг сэргээн засварлах технологи”, Зорчигчийн вагон депогийн мэдээлэл сүлжээний инженер М.Саруулгэрэл “Зорчигчийн вагоныг автомат хөргөлт, агааржуулалтын системээр тоноглох нь” бүтээлээрээ шалгарчээ.
Мөн Хэмжил зүйн төвийн вагон жингийн улсын байцаагч А.Сэр-Од “Шин шалгадаг вагон”, Замын II ангийн гагнуурчин Н.Номин “Тоонолж өнгөлөгч точилийн суурь машин”, Дохиолол холбооны I ангийн дохиоллын шалган турших тасгийн инженер Б.Батзориг “Реле, блок болон бусад хэрэгслийг шалган туршиж тохируулах стендүүдийг өөрсдийн хэрэгцээ шаардлагуудад нийцүүлэн шинээр угсарч ашиглалтад нэвтрүүлэх”, Улаанбаатар өртөөний жижүүр Л.Ганхуяг “Ялгах довоос ялган тараасан вагоны хурд хэмжих” зэрэг бүтээлээрээ тус тус шалгарсан байна. Эдгээр залууст Дорнод Сибирийн төмөр замд туршлага судлах эрхийн батламж гардууллаа. Замын ерөнхий инженер С.П.Старцев тэдэнд баяр хүргээд туршлага судлахаар ОХУ-ыг зорихдоо өөрсдийн байгууллагын хувьд тулгамддаг 1-2 хүндрэлийг шийдвэрлэх талаар туршлага судлан, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх шинэ санаагаар дүүрэн ирэхийг хүслээ. Эдгээр залуус гурван групп болон явах юм.