Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2024 оны "Шилдэг нийгмийн түншлэгч байгууллага"-аар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг шалгарууллаа. Өргөмжлөлийг өнөөдөр МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Б.Рагчаа УБТЗ-ын удирдлагад гардуулан өгч баяр хүргэлээ. 

2024-2025 оны Хамтын гэрээ нь нийгэмлэгийн нийт ажилтнуудын эрх ашигт илүү сайн нийцсэн гэрээ болсноороо өмнөх гэрээнүүдээс давуу талтай болсныг МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны удирдлагууд онцлон дурдаж байлаа.

Замын захиргаа МТЗ-чдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан 2024-2025 оны Хамтын гэрээний хүрээнд нийт 20 гаруй тушаал, шийдвэр гарган хэрэгжүүлж, 214 тэрбум 877 сая төгрөг зарцуулснаар Хамтын гэрээний биелэлт 99.5 хувьтай дүгнэгджээ.

Хамтын гэрээний хүрээнд 2024 онд нийт ажилтнуудынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлж, "Говийн төмөр замчин", "Цалинтай ээж" зэрэг тэтгэмж хөтөлбөрөөр дамжуулан төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон ажлыг хэрэгжүүлж байна.

Хамтын гэрээний дагуу хамгийн сүүлд нийгэмлэгийн 60 ажилтанд 6 сая төгрөгийн орон сууцны тэтгэлэг олгосноор энэ жилийн хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ Замын захиргаа бүрэн биелүүлсэн байна.