Нүүр Боловсрол С.Галбадрах: Нэмэлт элсэлт үргэлжилнэ
Боловсрол

С.Галбадрах: Нэмэлт элсэлт үргэлжилнэ

G.Press 9 сарын өмнө 106 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын их сургуулийн захирал, Ph.D С.Галбадрахтай шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа.

 

-Төмөр замын их сургууль болсны анхны хичээлийн жил эхлэх гэж байна. Их сургууль болсноор тодорхой өөрчлөлтүүд гарах болов уу гэж бодож байна?

 

-Манай сургууль энэ намар 73 дахь хичээлийн жилийн нээлтээ хийх гэж байна. Гэхдээ мэргэжлийн их сургуулийн ангилалд дэвшиж, Төмөр замын их сургууль болсны анхны хичээлийн жилийн нээлт гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Их сургууль болсноор хэд хэдэн онцлог давуу талууд бий болдог. Нэгдүгээрт докторын зэргээр сургалт зохион байгуулах боломжтой болсон. Мөн профессорын зэрэг олгох, эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгддэг зэрэг олон давуу талууд бий. Энэ жил бид 2018 оноос тасалдаад байсан магистрын сургалтыг хоёр чиглэлээр авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ ташрамд хэлэхэд, өнгөрсөн оны хавар манай сургууль “Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөс 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. 2025 он манай сургуулийн хамт олны хувьд амжилт арвин жил болж байна.

Бид магистрын хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд зайлшгүй урьдчилсан магадлан итгэмжлэлд орох ёстой. Тэгэхээр 2025-2026 оны хичээлийн жилд хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, тээврийн менежмент логистикийн хөтөлбөрөөр магистрын урьдчилсан магадлан итгэмжлэлд орох том ажил бидний өмнө байна.

Магадлан итгэмжлэгдчихвэл магистрын сургалт явуулах зөвшөөрөл гарчихна. Энэ мэтчилэнгээр бид ахисан түвшиний сургалтын хөтөлбөрүүдийг явуулах бэлтгэлээ хангаж байна. Ахисан түвшний дээрх хөтөлбөрүүдээс гадна манай сургуулийн үндсэн долоон мэргэжлээс Зам замын аж ахуй, Цахилгаан хангамж гэсэн хоёр хөтөлбөр хоёр дахь магадлан итгэмжлэлдээ орчихсон. Эдгээр нь Засгийн газрын эрэлттэй мэргэжил учраас бид хуулийн дагуу магадлан итгэмжлэлд орсон. Үлдсэн мэргэжлүүд болох Зүтгүүр-зүтгүүрийн аж ахуй, Вагон- вагоны аж ахуй, Тээврийн удирдлага-зохион байгуулалт, Автоматик телемеханик холбоо, Төмөр замын машин ашиглалт гэсэн хөтөлбөрүүдэд сайн дураараа магадлан итгэмжлэлд орж болно гэсэн хуулийн заалттай. Хэдий сайн дураараа гэсэн ч бид ирэх хичээлийн жилд эдгээр хөтөлбөрийг хоёр дахь магадлан итгэмжлэлд оруулахаар бэлтгэж байгаа. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Хичээлийн жил эхлэхээр магадлан итгэмжлэлийн шинжээч нар манай сургууль дээр ажиллана. Сургалтын хөтөлбөрүүд итгэмжлэгдэх нь оюутнуудад маш их ээлтэй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдээр суралцаж буй оюутнууд Монгол Улсын Засгийн газраас зарласан тэтгэлэг, мөн тусламж гэх мэт зүйлүүд саадгүй олгогддог. Мөн шилжин суралцахад Монгол Улсад итгэмжлэгдсэн хөтөлбөр гэдгээрээ давуу талтай.  Хэдийгээр сайн дураараа орж болно гэж хуулинд заасан хэдий ч суралцагч оюутныхаа эрх ашгийг нь хамгаалах үүднээс бид магадлан итгэмжлэлд зайлшгүй орж байгаа юм.

Дараагийн нэг том ажил нь Дээд боловсролын сургалтын байгууллагын ISO стандарт нэвтрүүлнэ. Хавар урьдчилсан үзлэгүүдэд нь орчихсон. Намар үзлэгийн мөрөөр авах арга хэмжээнүүдээ аваад, үл тохирлуудаа арилгаад дээрээс нь тодорхой үйл ажиллагааны чиглэлүүдэд процессын зураглалуудыг сайжруулах ажлуудыг хийнэ.

 

-Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

 

-Хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд бид хоёр том хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн байсан. Нэг нь цахилгаан хангамж хөтөлбөрийн релейн микропроцессорын удирдлагын сургалтын тренажёр худалдаж авах ажил юм. Тендер нь зарлагдсан. Үүнийг худалдаад авчихвал цахилгаан хангамж хөтөлбөртөө хамгийн сүүлийн үеийн (100 сая төгрөгийн өртөгтэй) лабораторийг шинээр нээнэ.

Хоёр дахь том ажил нь дотуур байрны нэг давхарын засварын ажил бий. Хавар санхүүжилт нь шийдэгдээгүй удсанаас ажил оройтсон. Энэ байдлаа Замын захиргаанд мэдэгдээд зайлшгүй засвар хийх шаардлагатай гэдгийг ойлгуулсны үндсэн дээр хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Үүнээс шалтгаалан тендер оройтож зарлагдсан. Гэхдээ бид оюутнаа авах хугацаандаа хэсэгчилсэн байдлаар засварыг хийнэ гэж төлөвлөж байна. Тэгвэл оюутны дотуур байрны нэг давхарт орчин үеийн шаардлагад нийцсэн тохитой орчныг бүрдүүлнэ.

Өнгөрсөн жил дотуур байрны сантехникийн их засварыг иж бүрнээр нь хийсэн. Гурав дахь нь бид дотоод нөөц боломжоо ашиглаад хэд хэдэн анги танхимын засварыг хийгээд дууссан. Хичээлийн шинэ жилийн нээлтийн бэлтгэл дотуур байрны засвараас бусад нь бүрэн биелсэн.

 

-Энэ хичээлийн жилийн элсэлт дууссан уу?

 

-Үндсэн элсэлт долдугаар сард явагдсан. Одоо наймдугаар сарын 25 хүртэл нэмэлт элсэлт зарлачихсан байгаа. Нэмэлт элсэлт үндсэн долоон мэргэжлийн хөтөлбөрөөр явагдаж байна. Дээрээс нь нийлүүлэлтийн сүлжээ логистик мэргэжлийн хөтөлбөрөөр нэмэлт элсэлт авч байгаа. Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй, Тээврийн удирдлага зохион байгуулалтын хөтөлбөрийн ангиуд дүүрсэн. Бусад хөтөлбөрийн нэмэлт элсэлт үргэлжилж байна. Мөн эдгээр хөтөлбөрөөр элссэн оюутнуудад Замын даргын тушаалаар батлагдсан тэтгэлгийг түлхүү олгохоор ажиллаж байна. Энэ хичээлийн жилд нийт 270 оюутан элсүүлж авахаас наймдугаар сарын 14-ний байдлаар элсэлт 60 гаруй хувьтай байна.

 

-Сургалтын төлбөр энэ жил нэмэгдсэн үү?

 

-Төлбөр нэмэгдээгүй. УБТЗ нийт суралцагч нартаа 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Бусад төмөр замаас суралцагч нараас бол батлагдсан тарифаараа төлбөрөө авдаг онцлогтой. Нэг кредит цагийн төлбөр 130 000 төгрөг, зайн сургалтын төлбөр нэг кредитийн төлбөр 153 200 төгрөг байна.

 

-Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд бий юу?

 

-Багш нарыг эрдмийн зэргээ ахиулахад нь УБТЗ-аас ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа, доктор болон түүнээс дээш зэрэгтэй багш нарын эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллаж байна. Одоогоор гурван багш маань докторын зэрэг хамгаалах гэж байна.

 

-Танай сургуулийн төгсөгчдийн ажлын байраар хэрхэн хангагдсан талаарх судалгаа байна уу?

 

-Энэ судалгааг жил бүрийн хавар, намарт хийж байгаа. Сүүлийн таван жилийн дунджаар манай төгсөгчдийн 74 хувь нь УБТЗ-д мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн 5-8 хувь нь бусад төмөр замуудад ажиллаж байна. Үлдсэн 12 хувьд нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон хүүхэд төрүүлсэн, мөн гадаадын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа төгсөгчид багтаж байна. Тухайлбал, ОХУ, БНСУ болон Европын улсуудад суралцаж байна. Сүүлийн жилүүдэд гадаадад суралцахаар явж байгаа төгсөгчдийн тоо өсөж байгаа. Ер нь, манай төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь өндөр.

 

-Танай оюутнууд зуны амралтаараа “Оюутны отряд”-аар ажлын талбар цалинтай дадлагаждаг. Үүний үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

 

-Манай сургуулийн гол давуу тал нь гуравдугаар курсийн оюутнууд “Оюутны отряд” хөтөлбөрт хамрагдах болон дадлагын хугацаандаа мэргэжлийн зэрэг авдаг. Энэ нь шууд ажлын байранд гарч ажиллахад давуу тал болж байна. Оюутны отрядад ажиллахдаа зэргийн шалгалтаа өгөөд III зэрэг авчихаж байгаа. Дээр нь дадлагаа дүйцүүлчихэж байна. Оюутны отрядад сайн ажиллаж сургуулийнхаа нэр хүндийг өргөсөн оюутнууддаа бид кредитийн урамшуулал өгдөг. Хүн хүч дутагдалтай хэсгүүдэд оюутнууд маань очиж ажиллаад дадлага туршлага хуримтлуулаад, цалин аваад хөдөлмөрийн харилцаанд орж байгаа нь асар их ач холбогдолтой. Яг ажлын талбарт, халуун цэг дээр хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь оюутнуудад маш том туршлага болж үлдэж байна. Оюутны отрядад яваад ирсэн оюутнууд төгсөх курстээ суралцах байдал идэвхжиж байгаа нь ажиглагддаг. Сургалтын чанарт ч тодорхой ахиц гарч байна гэж дүгнэж байна. Оюутны отрядад явсан оюутнуудын мэргэжилдээ хандах хандлага өөрчлөгдөж байна. Илүү хариуцлагатай, идэвхтэй болж байгаа нь сайшаалтай байна.  

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Б.Гүнжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.