Төмөр замчдад ажлын байрны дасгалыг хийлгэж хэвшүүлэх аян өрнөж байгаа. Энэ талаар “Замчин” спорт хорооны дарга, аймгийн арслан С.Ерөөлтөөс тодрууллаа.
-“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд манай хороо Хүний нөөцийн албатай хамтраад Замын даргын Б-173 тоот цахилгаан гаргуулан, ажлын байрны дасгалыг Замын хэмжээнд хийж хэвших уриалгыг гаргаад ажиллаж байна. Ялангуяа суугаа ажил эрхэлдэг төмөр замчид маань ажлын байрны дасгалыг хийж хэвших хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан нуруу, хүзүүний үенд шохойжилт үүсэх, жингийн илүүдэлтэй болох, хуян хөөрөх, хөших, эрч хүч сулрах зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Тиймээс манай ажилтнууд Японы эрдэмтдийн боловсруулсан хамгийн богино хугацаанд үр дүнгээ өгдөг ажлын байрны дасгалын бичлэгийг хийгээд youtube-д байршуулсан. Мөн линкийг нь ubtz.able.mn-ийн “Олон нийт” цэсэд байршуулсан. Мөн “Замчин” спорт хорооны цахим хуудаснаас “Ажлын байрны дасгал-1, 2”-ыг дагаад хийх боломжтой. Энэ дасгалыг хийхэд ердөө 3-5 минут л хангалттай. Ажлын байрны дасгалыг хийгээд хэвшчихвэл ажлын бүтээмж дээшилнэ, анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ.
-Ажлын байрны дасгалыг өглөө ажил эхлэхээс өмнө хийх үү, эсвэл цайны цагаараа хийвэл үр дүнтэй юу?
-Эрдэмтдийн судалгаагаар хүн 14.00-15.00 цагийн хооронд эрч хүч суларч, анхаарал төвлөрөлт муудаж, ядардаг юм байна. Яг энэ үедээ хүн ядаж 2-3 минутыг, боломжтой бол 3-5 минутыг өөртөө зориулаад ажлын байрны дасгалыг хийгээд хэвшчихвэл хүний цусны эргэлт сайжраад, эрч хүчээ сэлбэчихнэ. Дасгал хийх 3-5 минутад ч гэсэн компьютероосоо холдоод нүдээ амраачихна. Ер нь, дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг хүн бүр мэддэг. Гол нь үүнийг ажил хэрэг болгох нь чухал байна. Эрүүл мэндээ хэзээ ч хойш тавьж болохгүй. Ажлын байрны дасгалыг хэн нэгнээр шаардаж шахуулж биш хүн өөрийнхөө төлөө өдөрт 3-5 минутыг л гаргаж сурах хэрэгтэй. Ажлын байрны дасгал бол төмөр замчдын хувьд шинэ зүйл биш. Ковидын өмнө Замын хэмжээнд ажлын байрны дасгалыг нийтээрээ хийж хэвшиж байсан. Одоо үүнийгээ сэргээгээд өдөр бүр хийж хэвших хэрэгтэй.
-Танай хорооны арга зүйч нарыг байгууллагууд урьж ажлын байрны дасгалыг заалгая гэвэл болох уу?
-Болно. Ялангуяа, Улаанбаатар зангилааны аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр манайд хандах бүрэн боломжтой. Ямар ч хөрөнгө санхүү шаардахгүй эрүүл мэндээ дэмжих дасгалыг өдөр тутамдаа дадал болгохыг төмөр замчдадаа дахин уриалъя.
-Үзлэгийн үеэр Замын орлогч дарга А.Батболд төмөр замчид ажлын байрандаа бэртэл гэмтэл авах тохиолдол нэлээд байна. Тэгэхээр та бүхэн төмөр замчдад хүнд юм өргөх үедээ нурууны бэртэл гэмтлээс сэргийлэх арга техникийг зааж сургах ажил хийгээч гэсэн. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Энэ чиглэлээр анхан шатны зөвлөгөөг бүх байгууллагад хүргэхийн тулд богино хэмжээний контент, рийл хийж цацахаар бэлтгэж байна. Ирэх оны эхээр төмөр замчдадаа хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр Маркетингийн албатай хамтарч ажиллая гэж хүсэлт тавьсан.
