Замын 38 дугаар дахь хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Энэ долоо хоногт гологдолгүй ажиллажээ. Дутагдлын хувьд зүтгүүр эвдэрч тусламж дуудсан зэрэг Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцсон дөрөв гээд нийт 11 дутагдал бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол тав, дутагдал 158 нэгжээр тус тус буурчээ.
Өнгөрсөн долоо хоногт 96 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар өссөн үзүүлэлт бөгөөд найман радио галт тэргийг мөрдүүлж аялуулсан байна.
Оны эхнээс есдүгээр сарын 18-ныг дуустал 23 сая 146.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 96.1 хувийн биелэлттэй байна. Энэ хугацаанд 16 сая 305.4 мянган тонн ачиж 95.9 хувиар биелжээ. 38 дугаар долоо хоногт орон нутгийн 247300, транзит 114600, экспорт 217300, импорт 72700 тонн буюу нийт 651900 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 6000 тонноор илүү үзүүлэлт аж.
Мөн долоо хоногт “Багануур” ХК төлөвлөгөөнөөс зургаан вагон дутуу буюу 3432, “Шивээ-Овоо” 144 вагоноор дутуу буюу 1800, “Шарын гол” ХК 189 вагон дутуу буюу 1197 вагон ачсан бол “Эрдэнэт үйлдвэр” 486 вагон ачиж, төлөвлөгөөгөө биелүүлжээ.
Дулааны цахилгаан станцуудын хоногийн нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд ТЭЦ-2, 3, 4, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт ТЭЦ, Дархан ТЭЦ, Амгалан ТЭЦ бүгд 10-66 хоног /нийт 201 хоног/-ийн нөөцтэй байна.
Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5357 вагон буулгасан буюу хоногт дунджаар 74 вагон дутуу буулгажээ. Хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 39.31 км/цагаар биелүүлэн +0.31 км/цагаар давуулж, өмнөх долоо хоногоос +0.08 км/цагаар удааширсан байна. Өнгөрсөн долоо хоногт зурмагийн тасалдлаас шалтгаалсан 12 галт тэрэг 1362 минут зогсож, хэсгийн хурдыг 0.15 км/цагаар удаашруулжээ.
Галт тэрэгний дундаж жин өнгөрсөн долоо хоногт 3276.4 тонн болж, төлөвлөгөөнөөс +76.4 тонноор давж, өмнөх долоо хоногоос -40.7 тонноор бага байна.
Зүтгүүрийн бүтээмжийн хувьд 38 дугаар долоо хоногт 1369.1 мянган бохир тонн/км-ээр биелүүлж, төлөвлөгөөнөөс -100.8 мянган бохир тонн/км-ээр дутуу, өмнөх долоо хоногоос -65.2 мянган бохир тонн/км-ээр бага байна. Вагон эргэлтийн хувьд тайлант хугцаанд 4.5 хоногийн төлөвлөгөөтэй ажиллаж 5.0 хоногоор биелүүлжээ.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар өнгөрсөн долоо хоногт 111 галт тэрэг /693.1 вагон/ хүлээн авч /хоногийн дундаж 15.8 галт тэрэг/, 109 галт тэрэг /682.4 вагон/ хүлээлгэн өгсөн /хоногийн дундаж 15.5 галт тэрэг/ байна.
Нарийн царигаар хоногт дунджаар 7.4-7.5 галт тэрэг солилцож буй аж. Тайлант долоо хоногт 53 галт тэрэг /407.1 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /390.2 вагон/ хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар-Наушкиар 52 галт тэрэг /342.2 вагон/ хүлээн авснаар хоногийн дундаж нь 7.4 галт тэрэг болжээ. Харин 56 галт тэрэг /353.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь зорилтот найман галт тэргэн хүрсэн байна. Үндсэндээ хилийн галт тэрэг солилцоо өмнөх долоо хоногоос зарим талдаа буурсан үзүүлэлттэй байлаа.
Тайлант хугацаанд чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар дутуу байна. Гэхдээ оны эхнээс чингэлгийн нийт 2711 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 382 галт тэргээр давуулсан үзүүлэт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги өнгөрсөн долоо хоногт транзитын 2517, импортын 371 чингэлэг шилжүүлэн ачжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос импорт +174, транзит +38 чингэлгээр илүү ачсан үзүүлэлт юм. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 1784 чингэлэг, экспортын 2481 вагон ачаа байгаа аж. Үүнээс төмрийн хүдэр 1705, жонш 322, зэсийн баяжмал 169, нүүрс 250, нефтийн ачаа 21, тэжээл 10, катод дөрвөн вагон байна.
Өмнөх 37 дугаар долоо хоногийн нэгдсэн хурлаар Замын дарга Х.Хэрлэн Зүүнбаянгаас ачих мидлинг болон Эрээн өртөөнөөс тээвэрлэх 306 мянган тонн коксын тээврийг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн билээ. Тэгвэл энэ сарын 20-ны өдөр Эрээн өртөөнөөс “Талын хишиг транс” ХХК-ийн эзэмшлийн хагас вагонд ачсан хоёр цуваа буюу нийт 96 вагон 4461.78 тонн хагас коксожсон хөх нүүрс хүлээн авч Баян өртөөнд хүргэжээ. Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн сэлгээний илчит тэрэг эвдэрсэн, сэлгээний нэг бригадтай ч одоогийн байдлаар Баян өртөөнд ажиллаж эрх үүсээгүй байгаа аж. Мөн тус компанийн ажиллах хүч дутуугаас буулгалтын хугацаа удааширч байгааг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга танилцууллаа.
Мөн “МТЗ” ТӨХК-ийн Хулангийн шанд өртөөнөөс энэ сарын 17-нд 50 вагон мидлинг хүлээн авч Баян өртөөнд буулгажээ. Дахин 21-ний өдөр 36 вагон мидлингийг Зүүнбаян өртөөгөөр хүлээж авсан байна.
Хурлын төгсгөлд Замын дарга эдгээр тээврийн тасралтгүй шуурхай тээвэрлэх, тулгамдсан асуудлуудыг харилцагч талтай ярилцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.
Түүнчлэн, хурлын үеэр Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр сэлгээний хоёр шинэ зүтгүүр худалдан авах тендер зарлагдаж, гэрээ байгуулах ажил энэ сарын 5-наас эхэлсэн ч өнөөг хүртэл удааширч буйг онцлов. Замын дарга “Гэрээ байгуулах гэж гурван долоо хононо гэдэг байж болшгүй зүйл. Асуудал тулгарвал хугацаа алдалгүй танилцуулж чиглэл авч байх хэрэгтэй” хэмээн шүүмжилж, ойрын хугацаанд гэрээг байгуулж, зүтгүүрээ яаралтай худалдан авах үүргийг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны даргад өглөө.
