Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаанаар талууд шатахуун, түлшний нийлүүлэлтийн асуудлыг хөндөж ярилцсан байна.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловын хамтаар хуралдааныг тэргүүлж худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр гээд олон чиглэлд зөвлөлдөж бодит үр дүнд хүрчээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов шатахуун нийлүүлэх асуудлаар хоёр улс өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэдгийг онцлоод, хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэлийг шийдэхийн тулд шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна.
Мөн хуралдаанаар банк, санхүү, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны гадаад худалдааг төрөлжүүлэх боломжуудын талаар хэлэлцсэний зэрэгцээ төлбөр тооцооны хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Москва хотноо энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан, хоёр улсын Сангийн яам хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг ажил хэрэг болгоход комиссын хуралдаан ихээхэн ач холбогдолтой юм. Талууд хуралдааны үр дүнгээр протоколд гарын үсэг зурж, дараагийн 28 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулахаар тохиролцлоо.
Манай улсын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, ОХУ-ын Спортын яам хоорондын 2026-2028 оны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болжээ. Хурлаар 26 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн, бүс нутгийн чуулга уулзалт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хангамж, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тархвар судлал, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон ажлуудаа тохиролцов.
