УБТЗ-ын бахархам түүхийг бүтээсэн азай буурал, ахмад настнууд, үе үеийн төмөр замчиддаа морилон ирж байгаа XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
УБТЗ-ын хамт олны хувьд улиран одож байгаа бар жил амаргүй хүнд жил байлаа. Дэлхийн геополитикийн хүчин зүйлийн нөлөөлөл болон цар тахлаас үүдэлтэй нийгэмлэгийн үйл ажиллагаанаас шууд бус хамааралтай шалтгаануудын улмаас Нийгэмлэг санхүүгийн өндөр эрсдэлтэй тулгарсан. Ковид-19 цар тахлаас шалтгаалан Замын-Үүд –Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо буурснаас болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан хол зайд тээвэрлэдэг, өндөр орлого бүхий транзит болон экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 30 хувиар буурсан байна. Мөн валютын ханшийн өсөлтөөс 30.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ. Үүнээс гадна дизель түлшний үнэ сар бүр 1.4-2.2 дахин нэмэгдсэнээс түлшний зардал төлөвлөснөөс 68.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцийн засварт ашиглагддаг, сэлбэг, материалын үнэ 75-90 хувиар өссөн нь төлөвлөснөөс 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргахад хүрсэн байна.
Замын захиргаа үүссэн нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах, алдагдлыг бууруулах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд санхүүгийн эрсдэлийг бууруулж чадлаа. Тухайлбал: Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай удаа дараа зөвшилцсөний үр дүнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлчээс хоногт 14-15 галт тэрэг тогтмол солилцож эхэлснээр 22,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Мөн зарим бүлгийн ачаа тээврийн тарифыг нэг жилийн дотор 3 удаа индексжүүлснээр тарифын алдагдлыг үлэмж хэмжээгээр багасгаж чадлаа. Тодруулж хэлбэл, 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 11 бүлэг ачааны тарифыг 6,64 - 7,21 хувиар, 11 дүгээр сарын 1-нээс 4 бүлэг ачааны тарифыг болон зорчигч тээврийн тарифыг 15-50 хувиар, 12 дугаар сарын 04-нөөс орон нутгийн харилцааны нүүрс тээврийн тарифыг 18 хувиар тус тус индексжүүлсний үр дүнд 77.6 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.
Үүнээс гадна урсгал зардлыг хэмнэх, орлого нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авснаар 8.3 тэрбум төгрөг хэмнэснээс гадна үндсэн хөрөнгийн их засварын ажлуудыг эрэмбэлэн шаардлагагүй ажлуудыг хойшлуулснаар 13,4 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулж чадлаа. Хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 10,7 тэрбум төгрөгөөр бууруулсан. Ийнхүү замын захиргаа цаг алдалгүй шуурхай арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд 200 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсныг 63 орчим тэрбум төгрөг болтол нь буулгаж чадлаа. Ийнхүү 2022 он тун хүнд жил байлаа. Бид өнөөдөр ч сүүлийн 3 жилд ковидын улмаас хуримтлагдсан санхүүгийн хүндрэлээс бүрэн гүйцэд гарч чадаагүй байна.
Гэхдээ УБТЗ-ын хамт олон бар жилдээ амсхийх завгүй ажиллаж багагүй амжилттай ажилласныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.
Өнгөрсөн онд халдварт цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэлтэй тулгарсан ч УБТЗ-ын хамт олон 27,7 сая тонн ачаа тээвэрлэж төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллалаа. Мөн чингэлгийн 2324 галт тэргийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлсэн байна.
Манай экспортын гол гарц болох Замын-Үүд - Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо цар тахлын улмаас хоногт 6 хүртлээ буураад байсныг хэвийн түвшинд хүргэж, хоног бүр 14 галт тэрэг тогтмол солилцдог болсноор тээврийн үйл ажиллагаа сэргэж жигдэрлээ. Туулай жилийн босгон дээр болсон Монгол, Орос, Хятадын хилийн төмөр замуудын зөвлөгөөний үеэр Хятадын талтай өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2016 оноос хойш яригдаж ирсэн өргөн царигийн галт тэргийг нэмэгдүүлэх асуудлыг бодит ажил хэрэг болгож чадсан ач холбогдолтой уулзалт боллоо.. Өнгөрсөн онд санхүү, эдийн засгийн байдал хүнд байсан ч тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөхөд анхаарч багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Замын-Үүд2–Шаргын овоо хоорондын 14,2 км замыг хос болгосноос гадна Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын нарийн царигийн 2 дахь замыг барьж дуусгалаа. Тэрчлэн Эмээлт, Цомог зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийлээ.. Өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд гол замын 3 шинэ зүтгүүр худалдан авлаа. Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар тээх хүчин чадал 5 хувиар өсч, тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах боломж нэмэгдэнэ. Мөн манай инженер техникийн ажилтнууд сүүлийн үеийн ухаалаг систем бүхий зам төмөр тосолгооны вагон, хөдөлгөөнт оношлогоо-эмчилгээний вагоныг шинээр ашиглалтад оруулсан зэрэг олон бүтээлч ажлыг хийлээ.
Цар тахлын хүндрэлийн улмаас тээврийн орлого огцом буурч, санхүүгийн өндөр эрсдэлд орсон ч төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ. Мөн төмөр замчдынхаа 13 дахь сарын цалинг 200 хувь олгохоор замын удирдлага шийдвэрлэлээ. Нийгмийн хариуцлагаа биелүүлж, ковид цар тахлын хүнд үед төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, улс орны хэрэгцээт ачааг шуурхай тээвэрлэсэн УБТЗ-ыг Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн 6-р байранд шалгарууллаа. Мөн УБТЗ-ын хамт олны дундаас 5 гавъяат төрж, олон арван хүн төр засгийн болон салбарын шагналаар шагнуулсан нь төмөр замчдын маань урам зоригийг бадраалаа.
Ийнхүү УБТЗ-ын хамт олон амаргүй хүнд жилийг ардаа орхиж, урин хавартай угтан золгож байна.
Манай төмөр замчид туулай жилээ урам зоригтой угтаж, 2023 оны 1 дүгээр сарын тээврийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлсэн нь туулай жил УБТЗ-ын хамт олонд буян хишгээ харамгүй хайрлахын эхлэл гэж билэгшээж байна. Морилон ирж буй туулай жилдээ ахмадууддаа болон нийт төмөр замчиддаа аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр цалгиж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
                                                                                                 

                                                                                             "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН