Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна. Энэ нь УБТЗ ХНН-ийн дизелийн түлшний худалдан авалт, үнэд хэрхэн нөлөөлөх талаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны орлогч дарга Б.Алтан-Очироос тодрууллаа.
- УБТЗ ХНН-ийн дизелийн түлшний худалдан авах гэрээг хэрхэн хийдэг вэ?
-Зүтгүүрийн аж ахуйн албаны хэрэгцээнд ашигладаг илчит тэрэгний өвөл, зуны дизелийн түлшний худалдан авалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу цахим тендерээр зарлаж, шалгаруулалтын үр дүнд “Шунхлай” ХХК-тай 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр өвөл, зуны дизелийн түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу нийт 105.000 тонн евро-2 ангиллын болон 1.500 тонн евро-5 ангиллын өвөл, зуны дизелийн түлшийг худалдан авахаар тохиролцож уг гэрээ 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны арваннэгдүгээр сарыг дуустал хугацаанд хэрэгжинэ.
-Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр дизелийн түлшний үнэ огцом өсөж байна. “Шунхлай” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үнийг хэрхэн тооцдог вэ? Нийлүүлэлт тасалдах эрсдэл бий юу?
- Энэ сард нийлүүлэгдэх дизелийн түлшний үнэ өмнөх сарын үнээс хоёр дахин өссөн. Дизелийн түлшний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол хэлбэлздэг тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 онд ирүүлсэн зөвлөмжийн дагуу тендерийн баримт бичигт сар бүрийн үнийг тохируулах нөхцөлийг тусгасан байдаг.
Иймээс сар бүрийн үнэ өсөх, буурах үед тохируулан худалдан авалт хийдэг. Нэмэлт гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн сарын үнийн лавлагааг авч ашигладаг.
Геополитикийн нөхцөл байдал хурцадсанаас хойш УБТЗ ХНН-ийн удирдлага болон холбогдох албадын төлөөлөл “Шунхлай” ХХК-тай гурван удаагийн уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд энэ гуравдугаар сард нийлүүлэгдсэн доод үнээр нэмэлт гэрээ байгуулж, байгууллагын санхүүгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан. Мөн нийлүүлэлт тасалдахгүй байхад онцгой анхаарч, Замын даргаас өгсөн чиглэлийн дагуу 14 хоногийн байнгын нөөцтэй байх шаардлагыг тавьж хамтран ажиллаж байна.
Иймд цаашид дизелийн түлшний нийлүүлэлтэд хүндрэл учрах эрсдэл бага гэж үзэж байна.
-Дизелийн түлшний худалдан авалт, нийлүүлэлтийн талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.
