УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2025 оны гуравдугаар сарын 07-ны өдөр ЭМДЕГ-тай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулан нэмэлт гэрээ хийсэн. Уг гэрээ нь Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны дөрөвдүгээр тогтоол, байгууллага хооронд 2022 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 3.1.1 дэх заалтыг үндэслэл болгон дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү нэмэлт гэрээг байгуулсан болно.
Энэхүү гэрээний зорилго нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах авах” 2022 оны УБ-02/097 дугаартай гэрээгээр тохиролцсон тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ, гэрээний 3 болон 4 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн сарын хуваарийг баталгаажуулах, цахим системд оруулах харилцааг зохицуулахад оршино.
Нэмэлт гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан 2025 оны дөрөвдүгээр “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг дагаж мөрдөх хугацаанаас эхэлж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд үндсэн гэрээний салшгүй хэсэг байна.
Үндсэн гэрээний 1.4.1-д заасан нэгдүгээр хавсралтыг энэхүү нэмэлт гэрээний хавсралтад зааснаар өөрчилсөн ба нэмэлт гэрээний хавсралтад заасан тусламж, үйлчилгээний хүрээнд 2025 оны төсвийн сарын хуваарийг төсвийн шууд захирагчаар баталгаажуулан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч талд ирүүлэн цахим системд оруулж, баталгаажуулна.
Үндсэн гэрээний гуравдугаар зүйлд дараах заалтыг нэмэлтээр тусгасан нь:
“3.6.7.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулаагүй, гэрээг зөвшөөрөөгүй, хэлэлцээрт орохоос татгалзсан, тоо хэмжээг хэтрүүлэн нэхэмжилсэн зэргээр өр төлбөр үүсгэхэд нөлөөлсөн бол гэрээг бүхэлд” нь цуцлахаар үүрэг хүлээлгэсэн.
Үндсэн гэрээний 4.2.4 дэх заалтыг дор дурдснаар өөрчлөн 2.4.11-т заасан үүргийг биелүүлээгүй, иргэн, даатгуулагчаас хууль бус төлбөр авсан нь тогтоогдвол иргэн, даатгуулагчид төлбөрийг буцаан төлүүлж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх болсон.
Үндсэн гэрээний хугацаа 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл байх ба нэмэлт гэрээний хугацаа үндсэн гэрээний хугацаанд үйлчилэх ба Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь нэгдсэн сонгон шалгаруулалтад оролцож шинэ гэрээ байгуулсан, эсхүл гэрээний хугацаа сунгагдсан тохиолдолд 2025 оны нийт төсөв, төсвийн сарын хуваарийн үргэлжлэх хугацаагаар тооцно.
Дээрх гэрээтэй холбоотойгоор тус эмнэлэг 2025 оны төсвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээний төрлөөс хамааран гурав төрлөөр ангилан /архаг, төлөвлөгөөт, цочмог оношийн хамааралтай бүлэг/ сар бүрээр төлөвлөсөн. Тухайн сард төлөвлөсөн оношийн хамааралтай бүлгийн санхүүжилтийн дүнг бариулах ба хэтэрсэн тохиолдолд ард иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авахаар гэрээгээр зөвшилцсөн. Үүнд, архаг оношийн хамааралтай бүлгийн гэрээлсэн тоо хэтэрсэн тохиолдолд иргэдээс 100 хувийн төлбөр авах, төлөвлөгөөт оношийн хамааралтай бүлгийн гэрээлсэн тоо хэтэрсэн тохиолдолд ЭМД-аас 80 хувийн санхүүжилт авах ба иргэн 20 хувийг нь төлөх, цочмог оношийн хамааралтай бүлгийн туламж үйлчилгээний тоог хязгаарлахгүйгээр ЭМД-аас санхүүжилт авахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, тусламж үйлчилгээний төрөл бүрт сар бүр санхүүжих дүнгээс хамаарч тооны хязгаар тавьж үйл ажиллагаа явагдах болно. Энэ тоонд зөвхөн Төмөр замын харьяалалтай иргэнийг хамруулж байгаа хэдий ч тоо гүйцвэл харьяалал харгалзахгүйгээр бүх иргэдээс ижил төлбөр авах болно гэсэн үг.
Төв эмнэлгийн даатгалын их эмч Б.Анаргүл
