Арванхоёрдугаар сарын 22-нд Шанхайн усан боомтын Яншань IV шатны автомат терминалын талбайд 2024 оны 50 сая дахь стандарт чингэлэг (TEU) амжилттай ачиж буулгагдсан байна. Үүгээр Шанхайн усан боомт дэлхийн усан боомтын чингэлэг тээврийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Мөн энэ амжилтаар Шанхайн усан боомт 15 жил дараалан дэлхийд хамгийн олон стандарт чингэлэг ачиж буулгасан усан боомт болох төлөвтэй байна.
Шанхайн усан боомтын групп компанийн мэдээлснээр, энэ онд Шанхайн боомт дэлхийн тэнгисийн тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, маршрутын төлөвлөлтийг оновчтой болгосноор олон улсын дамжин өнгөрөх тээвэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсөж, жилийн турш долоон сая стандарт чингэлэг ачиж буулгах төлөвтэй байгаа ажээ.
Тус боомт нь өнөөдрийн байдлаар дэлхийн тэнгисийн тээврийн төвүүдийн цогц хүч чадлын зэрэглэлд таван жил дараалан эхний гуравт жагссаар байна. Шанхайн усан боомт нь дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт байрлах 700 гаруй боомттой холбогдсон 350 шахам олон улсын маршрутаар дамжин тээвэрлэлт хийж, боомтын холболтын хувьд 13 жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа юм. Түүнчлэн, Шанхайн Яншань боомтын бүс нь хоёр жил дараалан дэлхийн чингэлэг ачиж буулгах боомтын гүйцэтгэлийн индексийн (CPPI) нэгдүгээрт жагсаж байна.