Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тэрээр "Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өссөн.
Өнөөдрийн байдлаар валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрч, тогтвортой байна. Эдийн засгийн өсөлтөд экспорт тасралтгүй өсөж, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн нь нөлөөлсөн.
Оюутолгой төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Уул уурхай, барилга, тээврийн гэсэн гурван салбараас бусад салбарын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрлээ.
Хөдөө аж ахуйн салбарын орлого уналттай байгаа. Малын зүй бус хорогдол, шинэ төлийн тоо бага байгаа тул хөдөө аж ахуйн салбарын орлого -5.1хувь байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй.
Эдийн засгийг гол өсгөж байгаа зүйл гадаад эрэлт. Валютын нөөц байнга өсөх хандлагатай.
Энэ онд 18 төсөл хэрэгжүүлж дуусгах ёстой. Үүнд:
Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн авто зам
Шаамар, Зэлтэр, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн авто зам
Улаанбаатар, Дарханы зам
Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл
Гашуунсухайт төмөр замын ачиж, буулгах терминал
Чойбалсан дулааны станцын өргөтгөл
Амгалан дулааны станцын өргөтгөл
Эрдэнэс Тавантолгойн усан хангамжийн систем
Ханги боомт дахь чингэлэг ачих терминал
Сэлбэ төслийг энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын олон улсын тендер зарлах чиглэлийг Эрчим хүчний сайдад өгч байна. Уг станцын өмнөх хоёр тендер амжилтгүй болсон юм.
ДЦС-3-ын өргөтгөлийн гэрээ, хэлцэл хийгдэж байна" хэмээн мэдээллээ.