УБТЗ ХНН-ээс иргэд, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах 1800-1949 тусгай дугаарыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс туршилтаар нээсэн билээ. Өнгөрсөн оны эцэс гэхэд тус дугаарт нийт 158 санал хүсэлт ирснийг ЭЙБЛ системд бүртгэж, 104 санал хүсэлтийн мөрөөр ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн байна. 1800-1949 дугаарыг ажиллуулж эхэлснээр өнгөрсөн оны II, III улиралд тус дугаарт сард дунджаар 12 орчим санал хүсэлт ирж байсан бол IV улиралд нийт 77 санал хүсэлт буюу сард дунджаар 25-26 болж хандалт нэмэгдсэн байна.
Замын захиргаанаас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 1800-1949 санал хүсэлт хүлээн авах тусгай дугаарыг албан ёсоор ажиллуулж эхлэлээ.
Уг дугаарт иргэд, үйлчлүүлэгчид, харилцагч байгууллагууд УБТЗ-ын ачаа, зорчигч тээвэр болон бусад ажил үйлчилгээ, аюулгүй байдалтай холбоотой санал хүсэлтээ өдөр бүрийн 08.00-17.00 цагийн хооронд өгөх боломжтой юм.