Урагшлах хөгжлийн аян замаа бэлгэшээн ерөөж, ухаан бодолдоо алс ирээдүйгээ зөгнөн хурайлсан зам, тээврийн салбарынхандаа Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.
Бид энэ оныг “Бүрэн цахимжсан бүтээмжийг нэмэгдүүлж хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан билээ. Төмөр замын салбарт УБТЗ-ын олон жил ужгирсан 200 тэрбум төгрөгийн их өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүнээ шинэтгэх бололцоог нээн, 16 мянган төмөр замчныхаа цалин хөлс, урамшууллыг нэмэх бодит боломжийг бүрдүүлж чадлаа. ОХУ-ын транзит тээвэрт үзүүлдэг асан тарифын хөнгөлөлтийг 10 хувь бууруулж чадлаа. Улаанбаатар-Хархорум чиглэлд Монголын анхны хурдны төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр зорьж холбогдох зураг төслийг боловсруулж байна. “Хөгжлийн судас төмөр зам” бодлогын хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг улам өргөтгөн Зүүн болон Баруун чиглэлийн босоо төмөр замын төслийг хэрэгжүүлж Гашуунсухайт-Ганц мод, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Ханги-Мандалын хил холболтын төмөр замыг ойрын үед барих саналыг Хятадын талд тавиад байна. Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийн нэгээхэн хэсэг болох 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжүүд орж ирэн ажилдаа орлоо.
Иргэний нисэхийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” бодлого дэвшүүлж дэлхийн 40 улсын 105 цэг рүү нисэх боломжийг нээн, нислэгийн чиглэл давтамжийг эрс нэмэгдүүлж, олон оронтой агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар нислэгийн үнэ хямдарч, үйлчилгээ чанаржиж байна. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, орон нутгийн хөгжлийг тэтгэх “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд орон нутгийн найман чиглэлд нислэг сэргэж тийзний үнийг 2-2.5 дахин хямдрууллаа.
Авто замын салбарт бид “Чанартай зам-чансаатай засвар арчлалт” бодлого дэвшүүлсэн. Монгол Улс өнөөдөр 21 аймаг 96 сумаа тосон замаар холбож, энэ онд 500 км авто зам, 540 у/м төмөр бетон гүүр шинээр ашиглалтад оруулж, олон зуун км замд их болон ээлжит засварыг хийхээр замчид маань цаг нартай уралдан ажиллаж байна. Урд хойд хөрш, Ази Европыг холбосон АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замаа бүрэн ашиглалтад оруулж, транзит тээврийг эхлүүлж, дэлхийн олон оронтой авто тээврийн хэлэлцээр байгууллаа. Далайд гарцгүй ч дэлхийд гарцтай Монгол байхын тулд далайн тээврээс хүртэх улсын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, Тяньжин боомт дахь Монгол Улсад эзэмшүүлсэн талбайг үр ашигтай ашиглах талд илүү санаачилгатай, хурдтай байхыг зорьж байна. Энэ ташрамд хөгжлийн хүрдийг атгаж, хурд нэмсэн Зам, тээврийн хөгжлийн салбарын 42 мянган ажилтан албан хаагчид, төмөр замчид, авто замчид, жолооч тээвэрчид, агаарын тээврийн салбарынхандаа давшингуй их амжилт, дэвшингүй дүүрэн жаргалыг хүсье.
Агаарын хөлгийн тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн, алтан шар замын ерөөл нь арвин, буян нь дэлгэр, газрын жигүүр төмөр зам алсад тод зурайж галт тэрэг улам хурдалж байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД
Сандагийн БЯМБАЦОГТ