“Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, үнэлгээ мониторинг хийх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 10-нд “Ган зам палас”-т зохион байгууллаа. ЗТХЯ-аас өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг сайжруулах, УБТЗ-ын 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангуулах ажлын хүрээнд Техникийн бодлого, стандарчиллын алба ЗТХЯ-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад Замын орлогч болон албадын дарга нар оролцлоо. Мөн хэлтэс, төвийн дарга, орлогч нар, аж ахуйн нэгжийн төлөвлөлт дүн шинжилгээний ажлыг хариуцдаг мэргэжилтнүүдийнхээ хамтаар сургалтад цахим хэлбэрээр оролцсон юм. Цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан дээрх сургалтын хүрээнд ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, тус яамны ХШҮДА-ын газрын ахлах мэргэжилтэн Л.Шинэчимэг “Хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээний аргачлал, тайлагнах хугацаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Мөн УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт боловсруулах, түүнийг сонгох жишээ”, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Гантуул “УБТЗ-ын 2022 оны ажлын гүйцэтгэлийн үр дүн, 2023 оны төлөвлөлтөд анхаарах зүйлс” сэдвийн хүрээнд тус тус сургалт, танилцуулга хийв. Сургалтын үеэр ЗТХЯ-ны бодлого шийдвэр УБТЗ-ын ажил үйлчилгээтэй хэрхэн уялддаг, бодит ажил хэрэг болгоход хэр нийцтэй эсэх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, зайлшгүй эргэж харах шаардлагатай дүрэм, журмын тухайд зөвлөлдсөн юм. Энэ үеэр салбарын яамнаас ирүүлсэн үүрэг даалгаврыг биелүүлэхэд ямар бэрхшээл тохиолддог, яг хаана, ямар учир дутагдал байгаа, түүнийг хэрхэн засаж залруулах арга замын тухайд мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлэв. Мөн ЗТХЯ-ны мэргэжилтнүүд төмөр замын салбарын ажил удирдагч, салбарын бодлого хэрэгжүүлэгч нарт хэрэгтэй мэдлэг мэдээллийг хүргэж ажилласнаараа энэ удаагийн сургалт онцлогтой байлаа.