Саяхан болж өнгөрсөн “Ган зам сонин”-ны уншигч- редакцын уулзалтад Сайншанд зангилааны ахмадууд идэвхтэй оролцов. Эгнээндээ 530 ахмадыг нэгтгэсэн тус Ахмадын хорооныхон “Улаанбаатар төмөр замын ахмадын холбоо” ТББ-ын жилийн календарчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй аливаа ажилд манлайлан оролцдог аж. Өнгөрсөн намар болсон ахмадын бэсрэг наадамд л гэхэд уяж сойсон хурдан хүлгээ айрагдуулсан, явган аялалд амжилттай оролцсон, Дархан хотод зохион байгуулагдсан Софт волейболын тэмцээнээс шилжин явах цом хүртсэн гээд дуулгах амжилт олонтой байна.
Ер нь, Сайншандчууд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орж, өртөө зангилаа байгуулагдсан тэр цагаас хойш төмөр замчдын өв соёлд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхэн уламжлалтай хамт олон билээ. Тус зангилааны Замын IV анги, төмөр замчдын өв соёлын чухал хуудас болсон Социалист хөдөлмөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож, анхны “Социалист хөдөлмөрийн үйлдвэр” гэх хүндтэй алдрыг хүртсэн бол Илчит тэрэгний депогийн хамт олон өнөөгийн “Ган зам” буюу тэр үеийн “Найрамдлын зам” сонины идэвхтэн бичигчдийн хэсгийг байгууллага дээрээ ажиллуулан, тус сонины хуудсаар тэргүүний хүмүүс, хамт олныхоо амжилт бүтээл, алдар гавьяаг сурталчилж ирсэн баялаг түүхтэй. Сайншандчуудаас депогийн машинч С.Лутаа, Д.Чүлтэмсүрэн, Н.Намжил гээд идэвхтэн бичигчид олноороо төрсний зэрэгцээ 1959 онд Төмөр замын Соёлын ордны дэргэд байгуулагдсан Утга зохиолын дугуйлангийн салбар ч тус зангилаанд байгуулагдаж, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Одонхүү, яруу найрагч Ю.Идэрчулуун нарын авьяастнуудыг өлгийдөн авчээ. Нэрт сэтгүүлч,Улаанбаатар зүтгүүрийн депогийн ХЗЭ-иийн хорооны дарга байхдаа хороогоо “Алтан гадас” одонгоор шагнуулсан Ж.Нямдаш Сайншанд депод туслах машинчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг. Тэрээр, хожим “Ган зам” сонины эрхлэгч, Хэвлэх үйлдвэрийн даргаар олон жил ажилласан билээ. Төмөр замчдын оюуны “талх” болсон уг сонины нийтлэлийн бодлого, өнгө төрхийг тодорхойлж, төмөр замчин сэтгүүлчдийн нэгэн үеийг бэлтгэсэн гавьяатай хүн билээ.
Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч “Вагончид” сонины эрхлэгч А.Пүрэвбаатарын идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулагдсан уншигч-редакцийн уулзалтад зангилааны Техник үйлчилгээний газрын хамт олон чухам л сэтгэл гарган оролцсоныг онцлох учиртай. Шинэхэн байрандаа тухлаад хэдхэн сар болж буй тус хамт олон уншигч-редакцийн уулзалтад зангилааныхаа Ахмадын хорооны тэргүүлэгчдийг урьж оролцуулсан нь бахархмаар санаачилга байв. Ер нь, тус зангилааны аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага ахмадын байгууллагын ажлыг тултал нь дэмждэг гэнэ.
Зангилааны Ахмадын хорооны даргаар 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж, тэднийхээ төлөө сэтгэл зүтгэлээ зориулж буй Ц.Баяа “ Манай байгууллагын дарга нар ахмадууддаа туслах, ахмадын байгууллагын ажлыг дэмжих талаар үлгэр жишээч ажилладаг гэж би үздэг. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн намар зохион байгуулагдсан “Ахмадын бэсрэг наадам”-д оролцох манайхны зардлыг А.Оргодол даргатай Замын IV ангийхан даасан шүү дээ” хэмээн сэтгэл дүүрэн өгүүлнэ билээ. Төмөр замынхаа нэгэн үеийг бүтээж ирсэн ахмадууддаа зориулсан дэмжлэг нь өнөө үеийнхний тэдэндээ үзүүлж буй дээдийн буян болох бөлгөө.
Л.Сэнгээ МУСГЗ