Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, "УБТЗ" ХНН-ийн дарга Х. Хэрлэн нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Сайншанд өртөөний зорчигч тээврийн төв вокзалын барилгыг шинээр барих, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд гадна тохижилтын ажлыг хийх, тус аймаг дахь төмөр замын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд болон төмөр замчдад зориулсан орон сууц барихад шаардлагатай газрын асуудлыг аймаг орон нутгийн зүгээс шийдвэрлэх, аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхдийн төмөр зам" барих зэрэг асуудлыг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаар тохирлоо.

Мөн төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Говийн төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдэж, хямд орон сууцтай болгох зорилгоор байгуулж байгаа энэхүү гэрээний дагуу аймгийн удирдлага орон сууц барих газрын асуудлыг шийдэж, нийгэмлэг 162 айлын ипотекийн орон сууц сонгон шалгаруулалтаар бариулж төмөр замчдаа хямд таатай нөхцөлөөр орон сууцтай болгох юм.