Энэ сарын 16-нд УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн харьяа Сайншанд ТҮГ-ын шинэ барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Замын даргын 2022 оны намрын үзлэгийн үеэр тус ТҮГ-ын барилгыг шинээр барих шийдвэр гарч, Зураг төслийн төв барилгын зураг, төсвийг хийж, барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн юм. Уг барилгыг УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны хяналт дор “Энержи парагон” ХХК дөрвөн сарын хугацаанд барьж, ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Уг ТҮГ-ын шинэ барилга нь 516 ам метр хэмжээтэй, хоёр давхар, нийт 14 өрөө тасалгаатай, гадна, дотно орчны хяналтын камер, галын дохиоллын төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн шийдэл бүхий барилга юм. Тодруулбал, дарга, инженер, техникиийн ажилтнуудын албан өрөө, техникийн сургалтын болон өдөр тутмын ажил гүйцэтгэх өрөөнөөс гадна эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын хувцас солих, ариун цэврийн, халуун усны өрөө зэргийг иж бүрнээр шийдснээр ажилтнуудын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Уг барилга нь Вагоны аж ахуйн албаны санаачлагаар баригдсан гурав дахь ТҮГ-ын жишиг барилга юм. Үүнээс өмнө 2005 онд Салхит ТҮГ, 2012 онд Багануур ТҮГ-ын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулж байсан юм. Цаашид ТҮГ-уудын барилгыг дээр загвараар барьж, нэг стандартад оруулах зорилго тавьжээ.