Гуравдугаар сарын 1-ний өглөө, 07.30 цаг: Сайншанд өртөөнөө зорчигчийн 286 дугаар галт тэрэг алгуурхнаар зогсохуй зорчигчид бууцгаав. Энэ агшнаа ТҮГ-ын зүгт алдарт “Ган зам” дуу эгшиглэж, говийн тунгалаг өглөөг улам ч таатай болгох ажээ. ТҮГ-ын зүг яаран очвол вагончид шинэ барилгынхаа үүдэнд өнгө өнгийн бөмбөлгөөр ёслолын нээлтэд зориулан хаалганы чимэглэл хийж, мөнхүү тайз бэлтгэж, барилгынх нь хаанаас ч юм эгшиглэх “Ган зам” дууг даган аялцгааж байлаа. Хоёр давхар шинэ барилгын хажууд 70 жилийн түүхтэй хуучин барилга нуруу нь амарсан хөгшин хүлэг адил бууралтан харагдана. Шинэ байрын нэг, хоёрдугаар давхрын аль ч өрөөнд орсон өнөөх дуу тасралтгүй, тод сонсогдох нь сайхан. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон нь илт бөгөөд гал, устай холбоотой ч юм уу ямар нэгэн эрсдэл учирлаа гэхэд ахлах үзэгч өрөөнөөсөө товчлуур даран мэдэгдэхэд бүх өрөөнд нь сонсогдож, цаг алдалгүй гарах боломжийг бүрдүүлжээ. Шатаар өгсөн хоёрдугаар давхарт гарахад тус ТҮГ-ын түүх, алдартнууд, одоо ажиллаж буй хамт олон гээд танилцуулга мэдээллийг байрлуулсан байна. Сургалтын өрөөнд цугласан вагончид бүгд л баяртай, бие биедээ баяр хүргэж харагдана. Ажиллах нөхцөл нь сайжирч буй тэд ийнхүү баярлахаас ч өөр яах билээ.

Шинэ барилгыг өнгөрсөн оны аравдугаар сараас барьж эхэлсэн талаар Замын даргын намрын үзлэгийн тэмдэглэлд дурдаж байсныг уншигч та бүхэн санаж буй болов уу. Тэгвэл дөрөвхөн сарын хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад ийнхүү хүлээн авахаар зэхэж буй нь энэ. Нээлтийн ёслолд Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Вагоны аж албаны орлогч дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Болд, албаны ерөнхий инженер Б.Доржбат, инноваци технологи хариуцсан ахлах инженер Ш.Ганзориг, Вагон ашиглалтын депогийн дарга Б.Наранбат, Сайншанд зангилааны дарга Д.Болорхүү тэргүүтэй төмөр замчид, зангилааны аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцов. Тус барилгыг “Энержи парагон” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Барилгын нээлтийн үеэр Замын орлогч дарга Б.Гантөмөр ажлын шинэ байртай болсон вагончдод баяр хүргээд “Төмөр замчид бид 2023 онд хамтын хүчээр тээвэрлэлтийн түүхэн дээд амжилт тогтоолоо. Тэр дундаа хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хариуцан засвар үйлчилгээг гүйцэтгэдэг вагончид та бүхний маань хувь нэмэр асар их билээ. Энэ чухал ажлыг Вагоны аж ахуйн албаны Л.Болд дарга нарийн бодлого, зохион байгуулалтаар удирдан ажиллаж чадаж байна. Өнгөрсөн оны ажлаараа Вагон ашиглалтын депо Замын хэмжээнд шагналт байр эзэлсэн. Мөн Сайншанд ТҮГ-ын шурган үзэгч Х.Ариунболд мэргэжлийн аваргаар шалгарлаа. Энэ бол танай хамт олны ажлын бүтээмж, чанар ямар байгаагийн тод илрэл юм. Урд хэсгийн гол зангилаа бол Сайншанд. Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Алтанширээ гээд олон шинэ төмөр зам тавигдлаа. Тиймээс үүнийг дагаад зангилааг, тэр дундаа хөдөлгөөний ажил гүйцэтгэдэг томоохон байгууллагуудаа хэрхэн хөгжүүлж, хүчжүүлэх вэ гэдэг Замын бодлогын олон ажил бий. Жишээ нь, Сайншанд-Зүүнбаян хоорондын замыг шинэчлэн засварлах ажил биднийг хүлээж байгаа. Энэ мэтчилэн төмөр замчдынхаа аюулгүй, тохитой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлийг гаргасан. Өнгөрсөн онд УБТЗ маш цөөн барилга барьсны нэг нь танайх болж байна. Харин энэ сайхан барилгадаа та бүхэн ая тухтай ажиллаж, арчлан тордож, илүү олон жил ашиглаарай гэж хүсье” гэв. “Энержи парагон” ХХК-ийн захирал Б.Ариунбаяр тус барилгыг чанарын өндөр түвшинд барьснаа дуулгаж, цаашид төмөр замтай хамтран олон барилга барина гэдэгтээ итгэлтэй байгаагаа дуулгалаа. Түүнчлэн, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд “УБТЗ ХНН энэ жил түүхт 75 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт энэ ойг угтсан томоохон бүтээлч ажлын нэг нь Сайншанд ТҮГ-ын 504 ам метр талбай бүхий шинэ барилга боллоо. Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа “Ханбаянзүрх уул, түүний ойролцоо байгаа хөрс, газар шороо хүн ардынхаа хөгжилд зориулагдах юм” гэж хэлсэн байдаг. Үүний нэгэн баталгаа бол Сайншанд зангилаанд бариад ашиглалтад оруулж буй энэ барилга юм. Зангилааны хувьд 1952-1956 оны хооронд баригдсан. ТҮГ-ын хуучин барилгыг л гэхэд 1954 онд барьсан. УБТЗ өөрчлөлт шинэчлэлтийг 70 жилийн дараа хийж, үүргээ гүйцэтгэсэн хуучин барилга халаагаа өгч байна. Ийнхүү өнөөдөр түүхийн шинэ хуудас нээгдлээ. Удахгүй зангилааны бусад аж ахуйн нэгжийн хуучин барилгуудыг шинэчилж, төмөр замын технологи улам сайжирна гэдэгт итгэлтэй байна” гээд хүндэт зочид ёслолын тууз хайчлав.

Мөн барилгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд гар бие оролцсон ТҮГ-ын зарим ажилчдад болон “Энержи парагон” ХХК-ийн нэр бүхий барилгачдад Баянбуурал амралтад амрах эрхийн бичиг гардуулан урамшууллаа. Түүнчлэн, энэ үеэр ТҮГ-т олон жил тогтвор суурьшилтай ажилласан вагон үзэгчдэд тасралтгүй ажилласны нэмэгдлийн батламж гардуулав. Үүний дараа ТҮГ-ын дарга Б.Аюушсүрэн шинэ барилгаа танилцууллаа. Уг барилгыг Замын 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Мөн орчин үеийн дохиолол холбооны системийг суурилуулж, бүрэн камержуулжээ. Вагончдын хувьд ч шинэ барилга нь хоёр давхар бөгөөд сургалтын, вагон үзэгчдийн гээд нийт 14 өрөөтэй болж, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, душтэй, тав тухтай ажиллах орчин нөхцөл сайжирсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Ийнхүү вагончид шинэ барилгаа албан ёсоор хүлээн авч, уригдан ирсэн зочдоо аймгийн болон ноён хутагтын музейгээр аялуулснаар ёслолын ажил өндөрлөлөө.

М.Наранболд
