АНХ 1944 ОНД АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛООР ШИНИЙГ САНААЧЛАХ ХӨДӨЛГӨӨН ТӨРӨӨС ДЭМЖИГДЭЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ ЮМ БИЛЭЭ.

Ажил үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэх жил гэж энэ жилийн уриагаа бид замын даргын тушаалаар баталгаажуулж гаргасан билээ. Энэ уриаг ярьж хэлж ажил хэрэг болгоё гэж байгаа хүн цөөн талдаа байх шиг. Харин өмнөх хоёр жилд менежментийн тогтолцоог хэрэгжүүлье гэдэг асуудал овоо эрчтэй явж байсан. Энэ нь ч төмөр замын ажилд ач тусаа өгсөн. Ялангуяа залуу боловсон хүчнүүдийн орчин үеийн шинжтэй ажил хэрэгч байдлыг дээшлүүлэхэд нөлөөлсөн гэж боддог.

Одоогийн уриа бол дээрх менежментийн тогтолцооны үргэлжлэл юм шүү дээ. Харин бид юмны яг агуулга руу ороод ирэхдээ зэрэг эг маг гэсхийгээд байх шиг. Энийг мэргэжил, байгууллага нэг бүрээр тодорхой болгож нарийвчилж хамт олны дунд ч хавтгайрсан биш байдлаар хандаж хэвшүүлэхийн төлөө тэмцлийг хүчтэй өрнүүлье. Өнөөгийн бидний уриа болгож гаргасан стандарт хэмжилзүйн асуудал бол манай ажлын жинхэнэ агуулга, мөн чанарыг илэрхийлж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд төмөр замын ажлыг жинхэнээр нь чанартай хийе гэсэн л үг шүү дээ. Стандарт гэхээр бид төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам талбайн оврын хэмжээ, гадна талын геометр ойлголтоор хараад байх шиг байна. Хэрэг дээрээ штанган циркулиэр хэмжигдэхгүй хүний дотоод сэтгэл үүнд бас багтана. Би дээр үед сонин хэвлэлээр хэлж байсан шиг санагдаж байна. Штанган циркуль, алх хоёр бол төмөр замын мэргэжлийн бэлэг тэмдэг юм. Үүний цаана дээр хэлсэн миний хоёр санаа хамт багтаж байгаа юм.

Аливаа ажил дээр хувь хүнээс хамаарах юм ихэнх нь байдаг ч эдэлж байгаа материал техник хуучирсан, сэлбэг засвар авахаа больсон юм амьдрал дээр байдаг. Энийг бол дээд байгууллагын шийдэх асуудал юм. Тэгэхдээ бүгдийг болохгүй байна гээд дээш нь тэнгэр рүү заачихаад сугаад байж болохгүй л дээ. Хүний нүд, чих, оюун ухаан гурвыг гүйцэх юм ерөөсөө байхгүй.

Саяхан Хятад улсын Үнэ стандартын хорооны дарга манайд айлчлаад буцсан. Замын захиргаа ч түрүүнд нь Улсын стандарт хэмжилзүйн газартай хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсныг санаж байна. Өнөөдөр дэлхий дээр хятад стандарт гэдэг европ стандартаас ялгах юмгүй, магадгүй зарим талаар түрүүлж байж ч мэдэх болж байх шиг. Гэхдээ эцсийн эцэст Ази, Европ, Америк гэхгүй дэлхийн стандарт гэж л ярина л даа. Харин байгууллагын стандарт гэдэг бол логарифмын шугамаар маш нарийвчилж үзэж байгаа хэрэг юм. Өмнө Говийн Тавантолгой төмөр замын компанид шинэ техник, илчит тэрэг орж ирж эхэлж байна. Энэ тал дээр бид улсын дотор байгаа нэг л салбар болохоор хамтран ажиллаж бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж явах ёстой юм аа. Би инженер Ё.Сүхээгийн бичсэн аятайхан өгүүллэгийг уншсан. Үнэхээр оюуны өндөр түвшинд сайн судалгаан дээр тулгуурлаж бичсэн юм билээ. Өөр нэг зүйл бол удахгүй манайд нийгэмлэгийн 75 жилийн ойд зориулсан ШБОЗ-ын үзэсгэлэн гарах юм байна. Энэ маш чухал эд. Анх 1944 онд Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Шинийг санаачлах хөдөлгөөн улс даяар төрөөс дэмжигдэж байсан түүхтэй юм билээ.

 

ИНЖЕНЕР Р.РАШ