Төмөр замын салбарын мэдээ,мэдээллийг төмөр замчдад шуурхай хүргэх зорилгоор Ganzam.mn сайт нээгдээд удаагүй байна. Бид анхны ярилцлагаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раштай хийлээ.
-
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төмөр замчдад төдийгүй өнөөгийн нийгэмд бодитой, үнэн мэдээ мэдээлэл ус, агаар шиг чухал гэдэгтэй та санал нийлэх үү?
-
-
Нийлэлгүй яахав. Төмөр замчдад мэдээллийг хурдан, шуурхай хүргэх вэб сайт нээгдсэнд би туйлын ач холбогдолтой хэмээн сайшаан хүлээж авч байна. Ер нь, манай “Ган зам” сонин төмөр замчдынхаа амьдрал, ажил үйлсийг түгээсээр ирсэн. “Ган зам” сонин 7 хоног тутмын сонин, шугам замдаа гарч тараагдсаар нэлээд хэд хоногийн дараа замчдын гарт хүрдэг. Өнөөдөр хэвлэл мэдээллийнхэн шинэ мэдээ, мэдээллийг түрүүлж хүргэхийн төлөө өрсөлдөж байна шүү дээ. Энэ талаар би нөхөддөө хэлж байсан. Манай сонин вэб сайттай болохгүй бол сониныхоо хуудсаар хүргэж байгаа мэдээллээ болж байна, бүтэж байна гэж бодоод явбал бас учир дутагдалтай боллоо гэж. Нөхөд маань ч анхааралтай хандаж, зөв юм байна гэдгээр хүлээж авсанд талархаж байна. Зөвхөн миний бие төдийгүй замчид маань маш халуунаар сайшааж хүлээж авна гэдэгт бүрэн итгэж байна.
-
-
Нийгмийн амьдрал ороо, бусгаа цагт энэ олон мэдээллийг хүн тархиндаа боловсруулах хэрэгцээ үүсэж байна. Зарим талаар мэдээллийн үнэ цэнэ буурсан гэж та боддог уу?
-
-
Өнөө цаг үед үнэн мэдээлэл хамгийн чухал. Үнэн худал хоёрыг ялгаж салгаж мэдээллээ авдаг байх хэрэгцээ байна. Одоо хүмүүс бодохоосоо хүртэл залхуурдаг болж. “Ган зам” сонин маань замчдынхаа амьдралыг гарынхаа алган дээр харж байгаа юм шиг мэдэж бодитоор бичдэг. Сэтгүүлчдийн гол үүрэг нь ч тэр юм. “Ган зам” сониныг зөвхөн төмөр зам дагуу суурьшин амьдардаг замчид төдийгүй Архангай, Баянхонгор, Дундговь, Булган, Орхон аймгаас захиалан уншдаг уншигчид зөндөө. Сонин, сэтгүүл үүсээд хөгжсөн гол тулгуур нь үнэн бодитой, шуурхай шинж чанар гэж би ойлгодог. Энэ шалгуураар л Ganzam.mn сайт ажиллана гэж итгэж байна. Хурдан, шуурхай хүргэдэг энэ мэдээллийн системд жагсаж орлоо гэдэг маань хамгийн сайн хэрэг.
-
-
Төмөр зам, төмөр замчдын ажил мэргэжил бүхэн үүрэг хариуцлага гэж бид ойлгодог. Нийгмийн сүлжээнд төмөр зам, төмөр замчдын тухай сөрөг мэдээлэл ч ихэслээ?
-
-
Өнөөдөр бодит байдал дээр Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа Захиран хуваарилах хэлтсийн ажлыг хүмүүс их буруугаар ойлгодог боллоо. Энэ хэлтсийн даргыг ДГ гэж төмөр замын товчилсон нэрээр илэрхийлдэг. Д нь Движение гэдэг орос үг, Монголоор Хөдөлгөөн гэдэг. Г нь График гэсэн орос үг. Монголоор бол зурмаг. Энэ хоёр үсэгний ард төмөр замын тээврийн хариуцлага, нүүр царай хоёр харагддаг. Хэлтсийн даргыг албаны орлогч дарга болгосон юм билээ. Энэ бас буруу. Тэр хүн хэдэн диспетчерээ удирдаж, зурмагаа зурж сууг. Үндсэн ажил нь тэр. Ерөөсөө л, хэдэн галт тэргээ яаж зөрүүлэх, цагт нь явуулах, хоногийн 1440 минутад л амжиж улсын тээврийг үр ашигтай хийх тийм л үүрэгтэй алба, хэлтэс юм шүү дээ. Өртөөнөөс салаа замд вагон тавьж өгдөг, татаж авах ажил нь галт тэрэгнийхээ зурмагт захирагдана. Тэгтэл ар, өврийн хаалга мөнгө төгрөг ярьж болдог, бүр цаашлаад улс төр ордог ийм олиггүйгээр ойлгогдох хэмжээнд хүрч байгаа нь туйлын буруу. Яг мэргэжлийн, явдаг журмаараа ажиллах ёстой. Үүнийг Ganzam.mn сайтаар зориуд олон түмэндээ хэлье гэж бодож байна. УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтэс бол вагоныг ар, өврийн хаалгаар тавьж өгч, татаж авдаг, тэндээс хүн баяждаг, тийм газар огтхон ч биш. Өртөөний жижүүр вагоныг салаа замд тавьж өгч, татаж авдаг тийм л ажлыг эндээс шүүрч авч хачин юм болгон хувиргаж байгаа юм байна. Үүний цаана галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүний амь насыг хамгаалах гэдэг амин чухал ажил бий шүү. Төмөр замын галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах ажлыг зоосны нүхээр харах аваас дугуй мултрахчихвий гэж би эмээж байна.
-
-
Та манай сайтын уншигчдад хандаж өөр хэлэх зүйл бий юу?
-
-
Шуурхай бодит мэдээлэл хэдий чухал ч бүх зүйл цахимжиж байх ёстой гээд хэтэрхий туйлширч бас болохгүй. Юманд учир, суманд занги гэдэг. Бушуу туулай борвиндоо баастай ч гэж ярьдаг. Хурдан, шуурхай байвал гүйцээ гэхээсээ өмнө бас бодит үнэн, зөвийг жингийн туухай дээр тавьж дэнсэлж үзэж байгаасай гэж бодож байна.
-
-
Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.