Нүүр Ахмад үе Р.Раш: Чанартай төгсөгч л төмөр замд, улмаар улсад хэрэгтэй
Ахмад үе

Р.Раш: Чанартай төгсөгч л төмөр замд, улмаар улсад хэрэгтэй

G.Press 1 жилийн өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Робокон” тэмцээнд төмөр замын залуучуудын баг цулбуур булаацалдаж оролцоно гэдэгт итгэж байна.

Миний бие саяхан Төмөр замын дээд сургуулийн зарим анги тэнхим лаборториудын ажилтай танилцаж, багш оюутнуудтай уулзаж явлаа. Вагоны аж ахуй, холбооны, гал тэрэгний хөдөлгөөний лаборториудыг сайхан тохижуулсан байна. Сурагч оюутнууд дүүрэн сууцгааж хичээл номлоо шимтэцгээж байгаа нь ахмад төмөр замчин надад сайхан санагдаж байлаа. Тэдэнтэй санал бодлоо ч илэн далангүй хуваалцаж явахыг хичээв.

Багш Мөнхбаяр гурван оюутны хамтаар удахгүй болох “Робокон” тэмцээнд оролцохоор идэвхтэй бэлтгэж байна. Тоглогч робот шийд зай талбай бүх зүйлийг хиймэл оюун ухаанаар сийлэн бүтээж байгаа яралзсан залуучуудаараа бахархах сэтгэл зэгэл толгойг өөрийн эрхгүй эзэмдэж байлаа. Оюун ухаан авхаалж самбаа сорьсон залуу техникчдийн уг тэмцээнд “Ган зам” баг амжилттай оролцоно гэдэгт бат итгэж байна.

Саяхан ажилд томилогдсон захирал нөхөр Галбадрах, сургалтын чанарын менежер Алтанцэцэг нар гар нийлэн их зүйлийг төлөвлөн идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Чанартай төгсөгч л төмөр зам улмаар улсад хэрэгтэй. Замын захиргааны хүний нөөцийн дарга Цэвээндорж нарын удирдлагууд тэдний ажилд ихээхэн санаа тавьж, дэмжиж байгаад ам уралдуулан талархцгааж байлаа. Төмөр замын мэргэжлийг орчин үеийн сургалт арга зүйгээр дамжуулан шингээж эзэмших ажил онц чухал байгааг ярьцгааж байна. Өнөөдөр замчин залуучуудын мэдлэг, боловсрол, хүмүүжлийг эрс дээшлүүлэхийг төмөр замын ажил амьдрал шаардаж байна. Ний нуугүй хэлэхэд улс нийгэмд сайн сайхан юм зөндөө бий болж сайхан л байна. Гэхдээ ажилд ёс төдий үлбэгэр хандах, ингэс тэгэс хийж цаг нөхцөөх юм ч багагүй байна. Үүнийг дээр доргүй нухацтай бодож анхаарах ёстой л доо. Би Хөдөлгөөний аюулгүй байдлын аппаратын хяналт шалгалтыг хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин хавтас сугавчилсан, дутагдал эрсэн, зэрэгцсэн олон шалгалтуудыг нааш цааш болгож, цаг хугацааны хувьд зохицуулж байх нь зөв байх. Үүнийг зөвхөн би биш хүмүүс яриад байна. Хэдэн байгууллагын дарга нараа л дэмжиж, тэднээ бүр олны өмнө түшиж ажиллах ёстой. Тэгэж гэмээ нь тэдгээр нөхөд ч урам зоригтой байна шүү дээ. Ажил ч хүчтэй урагшилдаг юм.

Тэр жил намайг Толгойт өртөөний даргаар ажиллаж байхад нэгэн өглөө Цэрэнноров дарга ажилчдын планерк хийгээд сууж байхад орж ирээд "Сайн байна" гэж хэлчихээд гараад явж билээ. Дараа нь төмөр замын намын хорооны товчооны хурал дээр миний муу нэрийг бас дарга тэмдэглэж хэлсэн гэсэн. Тийм юманд залуу хүн урамшдаг бололтой юм билээ. Нөгөө талаар ажиллагсдынхаа нийгмийн асуудал, авдаг 5, 3-ыг нь ахиулах талаар байнга бодож байх хэрэгтэй юм. Энэ талаар Замын дарга нөхөр Х.Хэрлэнгийн бодлого үйл ажиллагааг би ашгүй дээ гэж бодож, дэмжиж явдаг хүн. Саяхан Вагон депогийн сувилалыг нээлээ. Олон эмэгтэйчүүд ажилладаг ялангуяа өвлийн хахир хүйтнээр өвчлөл эрс ихэсдэг. Ажил нь хүнд газар. Энэ мэтийг бодохоор аштай юу даа гэж хэлэхээс өөр яахав. Мөн хэдэн цэцэрлэгүүддээ тавьж буй анхаарлыг ч харж байна. Тэд ч сэтгэлийг итгэлээр хариулахыг хичээж байгаа нь туйлын сайн. Хүний нөөц гэдэг ойлголтын усны ундарга нь энэ болов уу гэж хэлмээр байна.

Ахмад төмөр замчин Р.Раш

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.