Rio Tinto: БНХАУ-ын эдийн засаг алгуур сэргэж, төмрийн хүдрийн эрэлт нь нэмэгдэхээр байна
2023 оны IV улиралд төмрийн хүдрийн нийлүүлэлт нь хоёр хувиар буурсныг “Rio Tinto” мэдээллээ.
БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлогын үр дүнд тус улсын төмрийн хүдрийн эрэлт тогтвортой, үе шаттайгаар нэмэгдэх төлөвтэй байна гэж “Rio Tinto” компани таамаглалаа. Тодруулбал: БНХАУ-ын эдийн засагт өнгөрсөн оны IV улирлаас эхлэн тогтворжих шинж илэрч эхэлсэн гэж тус компани онцолжээ.
Дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбараа дэмжих арга хэмжээнүүдийн үр дүнд үл хөдлөх хөрөнгийн салбар нь мөн сэргэж байгаа гэж үзсэн байна. Хэдий тийм боловч 2024 оны хоёрдугаар хагасаас эхлэн сэргэлт эрчимжих хүртэл үл хөдлөх хөрөнгийн салбар нь сул хэвээр байна гэж таамаглажээ.
Төмрийн хүдрийн экспортоор дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компанийн хувьд 2023 оны IV улиралд 87.5 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн нь хоёр хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Өнгөрсөн сард тус компани Гвинейн төмрийн хүдрийн “Simandou” уурхайн хөгжүүлэлтэд 6.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө зарцуулахаа мэдэгдсэн юм. Эхний нийлүүлэлтээ 2025 оноос хийж эхлэх тооцоотой байгаа аж.
https://www.bloombergtv.mn/news/h121a3
