Р.Энхдалай: Замын-Үүд, Сайншанд, Багахангайд баригдаж байгаа орон сууцны захиалга төмөр замчдад нээлттэй байгаа
УБТЗ-ын ажилтнуудыг ипотекийн орон сууцаар хангах төслийн хэрэгжилтийн талаар Их барилга, хөрөнгө оруулалтын албаны Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Р.Энхдалайгаас тодрууллаа.
-Шугам замын төмөр замчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах зорилгоор Замын-Үүд, Сайншанд, Багахангай зангилаадад барьж буй ипотекийн орон сууцнуудын явц ямар байгаа вэ?
УБТЗ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцны нөхцөлийг сайжруулахад зориулж, Замын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн А/264 дугаар тушаалаар “2022–2025 онд ипотекийн зээлийн орон сууцаар хангах хөтөлбөр” батлагдсан.
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн дэмжлэгтэйгээр газрын асуудлыг шийдвэрлэн, Замын-Үүд зангилаанд 108, Сайншанд зангилаанд 180, Багахангай зангилаанд 40 айлын орон сууцны барилгын төслүүдийг хэрэгжүүлж байна.
Замын-Үүд зангилаанд баригдаж байгаа 108 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх газрыг 2022 онд Замын-Үүд сум, орон нутгаас зарласан дуудлага худалдаанд оролцож, худалдан авсан. Замын-Үүд зангилааны ажилтнуудын захиалгад үндэслэн хөтөлбөрт тусгагдсан эхний ээлжийн 108 айлын орон сууцны барилгын зураг төслийг 54 айлын сууц бүхий хоёр блок барилгаар төсөллөж, боловсруулан 2024 онд магадлал хийлгэсэн.
Гүйцэтгэгчийг сонгох нээлттэй шалгаруулалтаар “АТТА ЧР” ХХК шалгарч, 2025 оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэн одоогийн байдлаар “А” блокын барилга угсралтын ажил 86 хувьтай, “Б” блокын барилга угсралтын ажил 93.5 хувийн гүйцэтгэлтэй баригдаж, энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сайншанд зангилаанд баригдаж байгаа 180 айлын орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх газрыг 2024 онд Дорноговь аймгийн Засаг дарга, газар эзэмшигч, УБТЗ-ын хооронд гурвалсан гэрээ байгуулж шийдвэрлэсэн.
Гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаар “Жи Эй Эл инвестмент” ХХК шалгарсан. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэн 63 айлын орон сууц бүхий “А” блокын барилгыг энэ оны долдугаар сард дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгсөн. Эхний захиалагч нар орон сууцандаа орсон.
117 айлын орон сууц бүхий “Б” блокын барилга 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна. Багахангай зангилаанд баригдаж байгаа 40 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхийн тулд 2022 оноос тус дүүргийн Засаг даргатай Замын удирдлагууд удаа дараа уулзалт хийсний үр дүнд 2023 оны долдугаар сард нийслэлээс газар ашиглах зөвшөөрлийг гаргуулсан.
Барилгын гүйцэтгэгчээр “Бүтээмжит хийц” ХХК нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарч, барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж, өнөөдрийн байдлаар барилгын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Эдгээр орон сууцанд урьдчилгаагаа өгч захиалга өгөх төмөр замчид бага байсан. Одоогийн байдлаар ямар байгаа вэ?
Замын-Үүд зангилааны 108 айлын орон сууцны төслөөс УБТЗ-ын 40 ажилтан гурвалсан гэрээ байгуулж, 30 хувийн урьдчилгаа төлбөрөө 23 ажилтан бүрэн төлж, 17 ажилтан дутуу төлсөн байна. Төсөл хэрэгжүүлэгч компани зах зээлд 62 орон сууц борлуулсан. Өнөөгийн байдлаар УБТЗ-ын ажилтнуудад зориулж, зургаан байр авч үлдээд байна. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ УБТЗ-ын ажилтнуудад 2.7 сая төгрөг байгаа бол зах зээлд борлуулах нэг ам метр талбайн үнэ 3.8 сая төгрөгт хүрээд байна.
Одоо төмөр замчид маань үлдсэн 32.29 ам метр талбайтай нэг өрөө байр, 56.21 ам метр талбайтай хоёр өрөө байр, 78.97 – 79.95 ам метр талбайтай гурван өрөө байрнаас сонголтоо хийж, захиалах боломж байна.
-Сайншанд, Багахангай зангилааны орон сууцны захиалга гүйцсэн үү?
Сайншандад УБТЗ-ын 135 ажилтан орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 ажилтан орон сууц захиалах гурвалсан гэрээ байгуулж, 24 ажилтан 30 хувийн урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж, 25 ажилтан дутуу төлөлттөй байна. Нэг ажилтан 100 хувь төлсөн. Уг орон сууцны нэг ам метр талбайн үнэ УБТЗ-ын ажилтнуудад 2.8 сая төгрөг, зах зээлд борлуулах үнэ 3.2 сая төгрөг байна.
Одоо улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан “А” блокын барилгад борлуулахаар хүлээгдэж байгаа үлдсэн байрууд бий.
Тодруулбал, 33.99 ам метр талбайтай нэг өрөө, 45.87 ам метр талбайтай хоёр өрөө, 38.66 ам метр талбайтай хоёр өрөө, 53.58 ам метр талбайтай хоёр өрөө, 64.89 ам метр талбайтай гурван өрөө, 78.93 ам метр талбайтай гурван өрөө байр үлдсэн байна.
Багахангай зангилааны төмөр замчдын захиалгын дагуу уг орон сууцны барилгын хувьд өнөөдрийн байдлаар 22 ажилтан орон сууц захиалан бариулах гурвалсан гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө байршуулаад байгаагаас 11 ажилтан нь урьдчилгаа 30 хувиа бүрэн төлж, 11 ажилтан урьдчилгаа 30 хувиа бүрэн төлөөгүй байна.
Дээрх 22 ажилтан орон сууцаа эрт захиалсан тул нэг ам метр талбайн үнийг 2.050.330 төгрөгөөр худалдан авч байгаа бол үлдсэн 18 орон сууцны нэг ам метр талбайн борлуулалтын үнэ УБТЗ-ын ажилтнуудад 2.550.000 төгрөг болж нэмэгдээд байна.
Борлуулалтад бэлэн байгаа үлдэгдэл 18 орон сууцны талаар төмөр замчдад мэдээлэл өгөхөд 52.38 ам метр талбайтай хоёр өрөө байр 12 ширхэг, 67.12 ам метр талбайтай гурван өрөө байр зургаан ширхэг үлдсэн байна.
Төмөр замчдыг ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа эдгээр орон сууцнууд зах зээлээс харьцангуй хямд үнээр төмөр замчдад борлуулагдаж байгаа.
Замын-Үүд, Сайншанд, Багахангай зангилаадад баригдаж байгаа дээрх орон сууцнуудаас авахыг хүссэн төмөр замчдад захиалга нээлттэй байгаа шүү.
-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.
Б.Гүнжээ
