Галт тэргэнд ч сууж үзээгүй, дөнгөж их сургуулиа төгссөн охин тэртээх 1999 онд УБТЗ хэмээх их айлын нэгэн гишүүн болохоор Замын-Үүдийг зорьсон цагаас өнөөг хүртэл тус өртөөний ерөнхий нягтлан болж дэвштэлээ ажиллан амьдарч буй П.Ургамал одоо Бизнесийн удирдлагын магистр, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх болжээ. Зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилж, хамт олон, албан байгууллагадаа үнэлэгдсэн түүнийг байгууллагынх нь 70 жилийн ойг тохиолдуулан энэхүү дугаарын зочноор урилаа.
-Юуны түрүүнд тань Замын-Үүд өртөөний 70 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа, би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Замын-Үүд өртөөний вокзалын ахлахаар ажлын гараагаа эхэлж байлаа. Нэг жилийн дараа нь нярав болж хоёр жил, тэгээд цалингийн нягтлангаар арван жил ажиллаад ерөнхий нягтлан болсон. Дундуур нь Шилжүүлэн ачих ангид хүүхэд асрах амралттай хүний оронд хоёр жил ажилласан. Өнөөдрийг хүртэл 27 жил Замын-Үүддээ ажиллан амьдарч байна.
-Ачаалал ихтэй хилийн өртөөний ерөнхий нягтлангийн ажлын онцлог юу вэ?
-Хилийн өртөө гэдэг бол Монгол Улсын үүд хаалга. УБТЗ-ын хувьд хилийн өртөөнийхөн өнгөрсөн онд нийт ажлын хэмжээний 60 хувийг гүйцэтгэн байна. Галт тэрэг солилцоо ихтэй. Ер нь, хилийн өртөөнийхөн галт тэрэгний хөдөлгөөнийг тасралтгүй явуулахын тулд маш их хурдтай ажиллах ёстой. Энэ нь бидний үүрэг. Анх намайг ажилд ороход нарийн царигаар хоёр, өргөнөөр таван галт тэрэг солилцож, Д.Хүрэлбаатар дарга маань “Таван галт тэрэг солилцсон нь маш өндөр амжилт” гээд баярлаж байсан нь тодхон санагдаж байна. Тэгсэн одоо нарийнаар долоо, өргөнөөр 16 галт тэрэг солилцож байна. Саяхан хилийн хэлэлцээрээр нарийнаар найм, өргөнөөр 17 ба түүнээс дээш галт тэрэг солилцохоор тохирсон байна билээ. Энэ бол зам паркийн шинэчлэл, өргөтгөлийн их бүтээн байгуулалт хийсний үр дүн юм.
-Та зангилааны бусад салбар нэгжийнхээ нягтлангуудыг удирдлагаар хангаж ажилладаг уу?
-Тиймээ, тулгуур өртөөдийн ерөнхий нягтлангууд зангилааны ерөнхий нягтлан гэж явдаг. Цалингийн нэмэгдэл ч олгодог. Тиймээс зангилааны санхүүгийнхэнд мэдээ мэдээлэл хүргэх, хийх ажилд нь чиглэл өгөх зэргээр хамтран ажилладаг. Зангилааныхны хамтын ажиллагаа сайн байж илүү том үр дүн гарна шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд аль ч байгууллагын хүний нөөцийн дийлэнхийг залуус бүрдүүлж байна. Залуустай ажиллах ямар байна вэ?
-Анх орохдоо би хамгийн залуу нь байлаа. Гэвч нэг л мэдэхэд олон жил тогтвортой ажиллаж буй ахмадын тоонд оржээ. Бидний үеийг бодвол цахим орчин хөгжиж, залуусын харах өнцөг, үзэл бодол ч өөр болж, давуу тал ихтэй байна. Гэхдээ миний хувьд олон жилийн туршлага гэж зүйл багагүй хуримтлагдсан учраас яавал үр дүнтэй байлгах вэ гэдэг дээр анхаарч, залуусын давуу талтай холбож ажилладаг. Залуус маань ч үг сонсохдоо сайн. Туршлага бол цаг хугацаанд хуримтлагдсан ухаарал юм.
-Санхүүгийн мэргэжилтэй, олон жил ажилласан туршлагатай хүний хувьд өрхийн санхүүгээ хэрхэн удирдах талд таныг залуустаа нэлээд зөвлөдөг гэж сонссон?
-Ажиглахад залуус банкны болон янз бүрийн аппликейшний зээл их авдаг. Зээлийг би үгүйсгэхгүй. Гэхдээ зээлээр та гурван жилийн хугацаатай арван сая төгрөг ч юмуу авч болно. Харин тэр мөнгөө заавал хадгал. Үр дүн нь юу вэ гэхээр зээлийн хүүд төлсөн мөнгө, зээлийн хүүгээс олж буй орлого хоёр балансагдана. Тэгэхээр та гурван жилийн дараа хүүгийн зардалгүйгээр арван сая төгрөгийг хуримтлуулсан байна гэх мэт зөвлөгөөг залуустаа өгдөг. Зарим нь “Эгчээ би хэрэгжүүлсэн шүү, үнэхээр болж байна” гэж хэлэх нь сайхан байдаг. Мөн “Би хашаа байшин авах гэсэн юм. 20 сая төгрөг байна. Зээл авах гэсэн чинь боломжгүй гэнэ” гэх мэт асуудалд банкуудтай хувь, хувьсгалын зүгээс ярилцаж “За би яг энэ зээлийг чинь банкинд дэмжлэг болоод олгоё. Харин чи байрныхаа ордерыг авчраад эгчдээ харуулчихаарай” гэхэд хэд хэдэн хүн ирж харуулсан. Тэгээд урам авч, илүү олон хүнийг дэмжих юмсан гэх хүсэл төрдөг.
-Байгууллагын ерөнхий нягтлан бол даргатайгаа нэг зорилго, чиглэлтэй байж амжилт гаргана гэж би хардаг. Таны хувьд олон даргатай хамтран ажилласан байх. Хүн хүний онцлог өөр байв уу?
-Ер нь, байгууллагын дарга маш их ачаалалтай ажилладаг. Ялангуяа, хилийн өртөөний дарга зангилааны даргын ажлыг хавсарч хийдэг шүү дээ. Би даргынхаа ажлыг маш хүнд юм даа гэж хардаг. Гэр бүлдээ зарцуулах цаг байдаггүй. Тиймээс ерөнхий нягтлангийн хувьд тийм их цаг завгүй ажиллаж буй даргадаа ямагт түшиг болох ёстой гэж боддог. Олон хүнтэй газар асуудал мэдээж бий. Асуудлыг дарга руу оруулан ачаалал дээр нь ачаалал болохоос илүү өөрөө аль болох зохицуулахыг хичээдэг. Би олон даргатай хамтран ажилласан. Шинэ даргатай ажиллаж эхлэхэд ойлголцох хугацаа гэж бий. Шийдвэрийг дагах нь миний үүрэг. Даргын гаргаж буй шийдвэр нь үнэн зөв байх үүднээс санхүүгийн талаар бодит мэдээлэл өгөх ёстой. Анх намайг ирэхэд Д.Хүрэлбаатар дарга байлаа. Цаг хугацаа гэдэг хамгийн үнэ цэнтэй, аливаа асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой гэдгийг энэ хүнээс суралцсан. Тухайн үед би нярав, нягтлангаар ажиллаж байсан болохоор надад аж ахуйн сэтгэлгээ маш сайн суусан гэж боддог. Дараа нь Г.Амарсайхан, Ц.Лувсан, О.Мэндсайхан, Л.Бямбасүрэн, Н.Тэнгис, одоо Ч.Сугирбаатар даргын удирдлагад ажиллаж байна. Бүгд л өөр өөрийн гэсэн удирдлагын арга барилтай. Хамтран ажилласан бүх хүмүүст энэ завшааныг ашиглан баярлалаа гэж хэлье. Их ч ажлыг сурсан даа. Ч.Сугирбаатар даргын хувьд өнөөгийн энэ их ачаалалтай үед маш хурдтай ажиллаж, аливаа юмны эвийг сайн олдог. Ноён нуруутай, хэнтэй хэрхэн яаж харьцахаа сайн мэддэг хүн.
-Замын-Үүд нэлээд өргөжиж, хос замын эхлэл хүртэл тавигдлаа. Тэр бүхэнд зангилааны ерхөнхий нягтлангийн тооцоо судалгаа, үүрэг оролцоо их байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Манайх Санхүү тасаг гэж явдаг. Миний удирдлагад тэргүүлэх нягтлан Ц.Болормаа эгч, эдийн засагч Г.Ганцэцэг, цалингийн нягтлан А.Сувданцэцэг, нярав Б.Цэндсүрэн гээд бид тав санхүүгийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг авч явах үүрэгтэй. Залуучууд маань орж ирээд удаагүй байгаа. Охидоо сургаж, бас тэднээсээ шинэ цагийн юманд суралцаад л ажиллаж байна. Залуучуудаа сайн сонсох нь зүйтэй. Тэдний сэтгэлгээ, харах өнцөг өөр. Тиймээс санал бодлыг нь сонсоод, өөрийнхөө саналыг тусган шийдвэр гаргадаг. Тээвэрлэлт, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд гэвэл энэ онд 20.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 21.9 тэрбум төгрөгийн орлого олж, 1.3 тэрбумын ашигтай ажиллаж байна. 4445 вагон, 207820 тонн ачаа ачиж, 5157 вагон буулгаж, 289120 вагон явуулсан гэх мэт амжилт арвинтай л ойгоо угтаж байна.
Замын удирдлагын зүгээс Замын-Үүдэд хөрөнгө оруулалт их хийж байгаа. Зам нэмж барьснаар галт тэрэгний эргэлт хурдсаж, экспорт, импортын ачааны хэмжээ нэмэгдсэн. Энэ их ажлыг зангилааны нийт ажилчдын хүч хөдөлмөрөөр хийдэг. Манай зангилаа 2016 онд 900 гаруй төмөр замчинтай байсан бол энэ жилийн байдлаар 1300 гаруй хүн ажиллаж байна. Нэг галт тэрэг явуулахад машинч, вагон үзэгч, холбогч, найруулагч, жижүүр, замчин, холбоочин, цахилгаанчин гээд төмөр замын бүхий л мэргэжлийнхэн оролцдог. Өртөөний хувьд зөрлөгийн ажилчдынхаа байр сууцны халаалтын асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж боддог. Дөнгөж төгсөж ирсэн залуус галладаг байранд тухгүй. Одоо халаалттай болсноор тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж хардаг.
-Замын-Үүдэд төмөр замчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох орон сууц барьж байгаа. Энд төмөр замчид хэр хамрагдаж байна. Урьдчилгаа бүрдүүлэлтэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж байна уу?
-108 айлын орон сууц барьж байгаа. Манай зангилаанаас 45 хүн орохоор урьдчилгааг төсөн. Бүгд урьдчилгаа төлөх боломжгүй ч аав ээж, ах дүүсийнхээ дэмжлэгээр болгосон нь цөөнгүй. Олон жил санхүүгээ зөв зохион байгуулаад ирсэн хүмүүст л энэ боломж илүү амархан олдоод байна. Харин залуус 30 хувийг бүрдүүлж өгнө гэдэг амаргүй. Цөөн жил ажиллаж буй залуу гэр бүлд тэр их мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс би хэд хэдэн банктай “Яавал манай ажилчдад давуу эрх олгох вэ” гэдэг талаар ярилцаж, судалсан. Өөрөөр хэлбэл, 30 хувьд нь аав ээж, ах дүүгийнхээ байрыг тавих боломжоор хангаж өгвөл сайн байна гэдэг саналаа илэрхийлсэн. Мөн зээлийн хугацааг уртаар тавьж өгвөл залуучуудад дарамт учрахгүй гэдгийг хэлсэн. “Таны эдгээр саналыг хүлээж авлаа. Удирдлагууддаа танилцуулаад танай Замын захиргаатай хийх гэрээнд санал оруулна” гэж хэд хэдэн банкны зүгээс дуулгасан.
-Замын-Үүд өртөөний 70 жилийн ойгоо угтаж ямар ажлууд хийв?
-Ойгоо угтаж 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-2 өртөөнөөс 7818 дугаар галт тэргийг 70 вагон, 6547 тонн төмрийн хүдэртэйгээр Эрээн өртөөнд хүлээлгэн өгч, нарийн царигаар 3503 дугаар галт тэрэг 70 вагон импортын чингэлэгтэй хүлээн авсан. Ийнхүү өргөн болон нарийн царигаар хүнд жин, урт бүрэлдэхүүнтэй ойн нэрэмжит галт тэрэг аялуулж, өртөө, зөрлөгийн ажилчдын амьдрах орчныг сайжруулах ажил багагүй хийсэн. Мөн ойг угтан Замын-Үүд-1-2 өртөө хүртэл 4.5 км гол замын их засвар, зорчигчийн 750 метр тавцангийн ирмэгийн их засвар зэргийг хийсэн. Замын-Үүд-1 өртөөнд жижүүрийн 24/7 тасралтгүй ажиллагаатай хяналтын удирдлагын системийг бүрэн суурилуулсан.
Үүнээс гадна урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулсан. Зангилааны хэмжээнд бол асар их бүтээн байгуулалт хийсэн байна. Бид 70 жилийн ойгоо энэ сарын 10-нд тэмдэглэнэ. Би ер нь өртөөнийхөө 50, 60 жилийн ойг тэмдэглэлцсэн байна.
-Хоёулаа таны өнгөрсөн цаг руу очъё. Та анх төмөр замын байгууллагад яагаад оров. Танай гэр бүлд төмөр замын хүн байв уу?
-Би дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Аавыг маань Б.Пүрэвээ, ээжийг Г.Борчулуун гэдэг. Аавын хамаатан тухайн үед одоогийн Тээвэр зохион байгуулалтын албаны боловсон хүчин Дорждэрэм гэж хүн байсан. Намайг төгсөхөд аав Дорждэрэм ах дээр дагуулж очоод “Охиноо ажилтай болгомоор байна” гэхэд Замын-Үүд рүү томилсон. Ингээд л би төмөр замчин болсон. Хань маань Замын-Үүд ТҮГ-ын шурган үзэгч С.Наранбаатар гэж хүн бий. Хилийн өртөөнд 30 жил тасралтгүй ажиллаж байна. Хоёр хүүхэдтэй, том хүү барилгын архитектороор Япон улсад суралцаж байгаа бол охин маань аравдугаар анги. Хүүхдийнхээ хүссэний дагуу гадаадад сургаж буй нь төмөр замын л буян. Анх цүнхтэй хувцасаас өөр ачаагүй, дипломоо миний хамгийн том зүйл гээд тэргүүндээ залчихсан, халаасандаа нэг ч төгрөггүй, өөдрөг дэврүүн сэтгэлтэй охин ирж байлаа. Шинэ ирсэн залуусыг оруулдаг технологийн нэг өрөөнд намайг оруулсан. Тэгээд гэр бүлтэй, хоёр хөөрхөн хүүхэдтэй болж, төмөр замынхаа ачаар өдий зэрэгтэй сайхан амьдарч байна.
-Анх говьд ажиллахаар очсон хүмүүс “Аамаргүй байна” л гэдэг. Танд ч амаргүй байсан болов уу?
-Үнэхээр сайхан дурсамж сэргээсэн асуултууд тавьж байгаад баярлалаа. Би Сүхбаатар аймгийнх. Аав ээж минь Дарьганга, Наран сумын хүмүүс. Замын-Үүд рүү анх удаагаа галт тэргэнд сууж үзэж, вагоноос нэг л их зөөлөн юман дээр буучихаар нь “Шавхай дээр гишгэчихэв үү” гэж гайхаад хартал элс байж билээ. Өдөр нь нар гартал агааргүйдээд бүр амьсгалж чадахгүй байсан. Уг нь тал нутгийн хүн ч гэлээ говьд их өөр байсан. Тал нутагт сэвэлзсэн сайхан салхитай бол говьд салхигүй, элс нь л халаад байдаг. Тэр зун би унтаж чадаагүй, “Хурдхан өвөл болоосой” гэж боддог байлаа. Тэгээд өвөл болж, дараа зун нь гэхэд би асуудалгүй унтдаг болсон байж билээ (инээв).
-Анх удаагаа галт тэргэнд суугаад, очиж үзээгүй шинэ газар руу явахад ээж нь юу гэж захиж байв. Шинэ орчин, шинэ хамт олонтой уулзах ямар байсан бэ?
-Намайг явахад ээж маань Сүхбаатар аймгаас ирээд галт тэргэнд суулгахдаа “Охиноо огт танихгүй газар руу явууллаа. Миний охин олны дунд ухаантай л яваарай” гэж захисан. Галт тэргэнд суугаад явахад ээж минь хөөрхий вокзал дээр гараа даллаад л, торойтол үлдэж билээ (уйлав). Шинэ унаанд суугаад мэдэхгүй газар руу ээжийгээ орхиод ганцаархнаа явах амар байгаагүй. Азаар намайг ямар сайхан хүмүүс угтаж авсан гэж санана. Хүний нөөц нь Цэрэнбалжид эгч, тэндээс ажлын гараа эхэлж байлаа. Ерөнхий нягтлан нь Г.Мөнхбат гэж эгч. Сүүлд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дараа нь Д.Энх-Амгалан ах /Удирдахын ҮЭ-ийн хорооны дарга/, тэгээд Б.Соёлмаа /Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны Бүртгэл, арга зүйн хэлтсийн дарга/ ерөнхий нягтлан болсон. Би энэ хүний ажлыг авч байсан. Бүгд л надад зааж зөвлөнө, халамжилна. Анх вокзалын ахлах болоход Сангидорж дарга “Чи перрон дээр нэг гараатах” гэхээр нь өрөөнөөс гараад алхлаа. Перрон гэж юу байдгийг нь ч мэдэхгүй, гайхаад л... Вокзалын жижүүрээс асуутал “Энэ зорчигчийн тавцанг хэлдэг юм” гээд инээж билээ. Би өөрөө дээр нь алхаж яваагаа ч мэдэхгүй. “Намайг энэ дээр гаргаж юу хийлгэх гэсэн юм бол” гэж бодоод зогсож байсан маань санаанд тодхон байна. Одоо бодоход дарга намайг ядаж перрон гэж юуг хэлдгийг мэдэж аваг л гэж тэгсэн байх (инээв). Нэг л мэдэхэд Замын-Үүд миний төрөлх нутаг шиг болсон байсан даа.
-Магадгүй сайхан хамт олны халамж, бас тэндэхийн хүнтэй танилцсан зэрэг нь шинэ орчинд амархан дасахад чинь нөлөөлсөн байх. Та нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв даа?
-Бид холёулаа төмөр замынхаа эмнэлэгт хэвтэж таараад танилцсан (инээв). Учрах ёстой хүмүүс учирдаг гэж, хувь тавилан л бид хоёрыг уулзуулсан байх. Хадмууд маань Увс аймгийн хүмүүс ч Дорноговьд шилжиж ирээд суурьшсан юм билээ. Тэгээд Замын-Үүдэд ажиллаж байхад нь танилцаж, бид хоёр айл болсон. Таны асуултуудаас эргээд бодоход мөн ч сайхан цаг хугацааг туулжээ би.
-Хүн бүр л хүүхэд байхдаа өөр өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Та юу мөрөөддөг хүүхэд байв, одоо тэр мөрөөдөл чинь биелсэн үү?
-Надаас асуугаасай гэж бодож суусан асуултыг тавьсанд маш их баярлалаа. Миний мөрөөдөл их энгийн (инээв). Эхлээд ээжийнхээ тухай нэг дурсамжийг яримаар санагдлаа. Аав, ээж минь одоо 70 гарч, 80 шахсан хүмүүс бий. Ээж минь гурван жилийн өмнө “Ээжийнх нь хүсэл биелсэн” гэж хэлсэн. Тухайн үед би нэг их анхаарч ач холбогдол өгөлгүй өнгөрсөн юм. Дараа нь асуутал “Аав ээж хоёр нь та нарт өгөх хөрөнгө мөнгө байхгүй. Гэхдээ та нарыг бүгдийг нь магистр, мастер гэдэг цолонд хүртэл сургая гэж хүссэн. Миний хүүхдүүд бүгд энэ цолонд хүрлээ” гэж хэлсэн. Тэгэхээр ээж минь дөрвөн хүүхдээ сургая гэсэн хүслээ биелүүлэх гэж олон жил зүтгэсэн байна. Ер нь, аав ээж хоёр маань 10 хүүхэд сургасан. Ээж зургаан дүүтэй, бүгд л манайд сургуульд суудаг байсан.
Харин миний мөрөөдөл гэвэл, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 60 жилийн ойгоор “Агшин” нэвтрүүлэгт оролцтол Ш.Ёолк гуай энэ асуултыг надад тавихад нь “Таны асуулт миний мөрөөдлийг биелүүлж байна” гэж хэлж байлаа. Учир нь, би хүүхэд байхдаа “Пионерын үнэн” сониныг захиалж уншдаг, хамгийн арын нүүрэнд дандаа ярилцлагууд гардаг. Энэ асуултыг хэрэв надаас асуусан бол би ингэж хариулна даа гэж мөрөөдөөд, нэг л их жингүйдлийн байдалд орчихдог хүүхэд байсан. Тэгсэн өнөөдөр яг л тэр сонинд гардаг ярилцлагууд шиг олон асуултад хариулаад, салбарынхаа сонинд ярилцлага өгөөд сууж буй нь миний мөрөөдөл жинхэнэ биеллээ. Үнэхээр сайхан байна.
-Аав, ээж нь одоо хаана амьдарч байна вэ?
-Сүхбаатар аймгийн төвдөө амьдарч байгаа. Ажил, амьдралын эрхээр хааяа л очих юм. Саяхан очиж хэд хоноод ирсэн. Гэхдээ одоо ч утас харилцаа сайхан болсон болохоор амар юм даа.
-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Бид бол номын санд л орж хэрэгтэй мэдээллээ олж авдаг байлаа. Одоо цахим орчин хөгжсөн учир залууст сурч боловсрох олон боломж нээлттэй байна. Тиймээс залуусыг энэ их боломжоос илүү их ашиглаасай гэж хүсдэг. Сурах тусам хүний оюуны мэлмий нээгдэнэ шүү дээ.
-Дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд
