Монгол Улсын төмөр замын салбарт эдүгээ нийт найман нэр төрлийн төмөр замын бэхэлгээжүүлэлтийн систем ашиглагдаж байгаа аж. Эдгээрийн дундаас “Воссло” бэхэлгээг  анх 2017 оны есдүгээр сард УБТЗ-д нэвтрүүлсэн түүхтэй. Ингэхдээ Замын II ангийн харъяа Туул зөрлөгийн нэгдүгээр замд 640 радиус бүхий эсрэг чиглэлийн хоёр тахирт нийт 1,075пог.м замд туршилтаар Монголд тавьж байсныг уншигч та бүхэн тод санаж буй болов уу. Тэгвэл тус бэхэлгээг Бодь групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтдаа сонгон ашиглаж байна. Энэ талаар “Инкон” ХХК Төмөр замын хэлтсийн захирал П.Мөнхсайхантай ярилцлаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Германы “Воссло” бэхэлгээг хэрхэн нэвтрүүлсэн талаар яриагаа эхлүүлэх үү?

 

-Баярлалаа. Энэ жил Герман Монголын хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм. Бодь групп, Вослох компанийн хамтын ажиллагаа ч дээрх ойтой холбогдож байгаа учраас тус компанийн талаарх товч танилцуулгыг уншигчиддадаа хүргэвэл зүйтэй болов уу гэж бодож байна. “Воссло” компани нь анх 1888 онд ХБНГУ-ын Вердохл хотод Эдуард Воссло-ийн санаачлагаар гэр бүлийн бизнес хэлбэрээр үүсгэн байгуулагдсан төмөр замын эд ангиудыг үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь дэлхийн 135 оронд улс бүрийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төмөр замын бэхэлгээжүүлэлтийн систем, суман шилжүүлэг, боох эд ангиуд гэх мэт бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд амжилттай нийлүүлж байна. “Воссло” компани бүтээгдэхүүнүүдээ сайжруулж, шинэлэг инновациудыг цаг алдалгүй нэвтрүүлэхийн тулд дэргэдээ судалгаа шинжилгээний лабораторийг байгуулсан бөгөөд 30 гаруй туршилт шинжилгээнүүдийг 24 цагийн турш тасралтгүй хийж гүйцэтгэж байдгаараа онцлогтой.

 

-Та Замын  II ангид ажиллаж байхдаа “Воссло” бэхэлгээг Монголд нэвтрүүлэх туршилтын ажлыг нь гардан гүйцэтгэж байсан хүмүүсийн нэг. Тиймээс шинэ төмөр замын төсөл дээр энэ бэхэлгээний талаарх туршлага тань их хэрэг болсон байх?

 

-2013-2015 ондТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг Samsung C&T компани нь төмөр замын дээд бүтцийн угсралтыг Воссло бэхэлгээгээр хийхээр төлөвлөсөн боловч тус төсөл маань саатаж зогссон байдаг. Дараа нь Монголын Улсын Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн хийх шийдвэрийг 2018 онд гаргаснаар төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь групп” сонгогдон 2019-2023 оны хугацаанд төслийг үргэлжлүүлэн батлагдсан зураг төслийн дагуу “Воссло” бэхэлгээтэйгээр 350 орчим км төмөр замын дээд бүтэц угсралтыг бүрэн хийж дуусгасан. Тус бэхэлгээ нь цаг уурын ямар ч нөхцөлд тохирохоор олон жилийн судалгаа, шинжилгээ, туршилт орж, олон улсын стандартад яв цав нийцсэн байдгаараа онцлогтой. Хоёр компанийн хувьд зөвхөн дээрх бэхэлгээний нийлүүлэлт дээр хамтран ажиллаад зогсохгүй цаашид туршилт, судалгаа, шинжилгээний ажилд ч өргөн хүрээнд нягт уялдаа холбоотой ажиллах боломжийг нээгдсэн гэж харж байгаа. Түүнчлэн, Монгол Улсын төмөр замын салбар дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн ашиглах суурь тавигдсан гэдэг нь хамгийн том ололт юм.

 

-“Бодь” групп охин компаниудаараа дамжуулан төсөл хэрэгжүүлэхээс гадна тухайн төслүүдтэйгээ холбоотой судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа гэж сонссон?

 

- Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч, ХБНГУ-ын “Воссло” компанитай хийж буй хамтын ажиллагааныхаа хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 2-9-нд “Бодь” группийн инженер техникийн ажилтнуудын төлөөлөл Германд улсад очиж туршлага судласан. “Воссло”  компани нь сүүлийн зургаан жилийн хугацаанд эрчимтэй судалгаа туршилт, хөгжүүлэлт хийсний үр дүнд “M-GENERATION” буюу шинэ үеийн бэхэлгээний системийг 2021 оноос үйлдвэрлэл болон ашиглалтад бүрэн нэвтрүүлсэн юм билээ. Энэ нь арчлалтын үед тулгардаг олон асуудлыг эерэгээр шийдвэрлэж, чанарыг улам сайжруулсан, эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий, орчин үеийн төгс шийдэл болж чадсан байна гэдгийг бид газар дээр нь үзэж танилцсан. Ер нь, “Бодь Интернэшнл” ХХК болон “Воссло” группийн урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд “Бодь” группийн инженер техникийн ажилтнууд “Воссло” компанийн олон жилийн туршлага, шинэлэг инновац технологиос суралцах ажил цаашид ч олон талт хэлбэрээр үргэлжлэх болно.

 

-Дэлхийн тэргүүлэгч компанийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь хувьсан өөрчлөлт илүү хурдтай явдагддаг байх?

 

“Воссло” компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евро стандарт болох EN стандартад нийцсэн чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдээ хангадгаараа онцлогтой. Мөн дэлхийн ТОП сургууль болох Мюнхэний Их Сургуулийн хараат бус лабораториор магадлан итгэмжлэгдэж бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гар дээр хүргэдэг учраас хамгийн найдвартай, чанарын өдөр баталгаатайд зүй ёсоор нэрлэгддэг. Тийм ч учраас Бодь группын хамт олон энэхүү туршлага солилцох хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн олон дэвшилтэт технологиудаас цаг алдалгүй суралцаж, дотоод нөөц боломжоо ашиглан төмөр замын дэд бүтцийн салбарын ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна.

 

-Гадаад хамтын ажиллагааны хүрээнд олж авсан мэдлэг мэдээллээ дотоодын мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Дээр дурдсан сургалтын үр дүнд “Воссло” компани, “Бодь” групп хамтран 2023 оны есдүгээр сарын 13-15-нд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа УБТЗ ХНН, “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК  зэрэг аж ахуйн нэгжүүдийн Зам, замын аж ахуйн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Төмөр замын Воссло технологи ба хөгжил” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтын хүрээнд инженерүүд зам төмрийн шинэлэг технологиуд болоод жил бүр дэлхий дахинд хэрэгцээ нь нэмэгдэж байгаа төмөр замын бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Мөн тэд замын аж ахуйн салбарын сэлбэг материалуудын цаашдын чадамжийг олон төрлийн аргаар нарийвчлан тооцоолж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг тухай сонссондоо өндөр сэтгэгдэлтэй буцсан.

 

-Манай улсын хувьд хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн л хамгаас чухал байгаа шүү дээ. Үүнийг бүрдүүлэх ганц боломж нь хэрэгцээт зүйлээ дотооддоо үйлдвэрлэх явдал. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Монгол Улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан цаашдын бүтээн байгуулалтанд “воссло” бэхэлгээ бүхий төмөр бетон дэрийг  ашиглах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд “Воссло” бэхэлгээжүүлэлтийн системд зориулсан төмөр бетон дэр, бетон эдлэлийн  “Major Supply” ХХК үйлдвэрийг Улаанбаатар хотноо байгуулаад байна.  Одоогоор тус үйлдвэрт туршилт, хяналтын ажлыг өрнүүлж байна. Тус компани нь “Воссло” компаний албан ёсны үйл ажиллагаанд тулгуурлан EN стандартад нийцүүлсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг Монголд гүйцэтгэж байгаа юм. Тус үйлдвэр хоногт 800-1200 бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай.  

 

Б.Дэлгэрхишиг