Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв.
Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь 2019 онд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн хувиар албан ёсоор айлчлахдаа худалдаа, эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлт, боловсрол, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч мөн 2022 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм.